2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулах магадлал өндөр байна


60 дахь удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн, экс Ерөнхийлөгч Дональд Трамп цуглуулсан саналын тоо болон сонгогчдын коллежийн саналын тоогоороо өрсөлдөгчөө тэргүүлж, АНУ-ын 47 дахь Төрийн тэргүүнээр сонгогдох магадлал тун өндөр болоод байна. Үүнд 19 төлөөлөгчийн саналтай, “савлагаатай” гэгдэж байсан Пеннсильвани мужид Д.Трамп ялалт байгуулсан нь томоохон нөлөө үзүүллээ. Сонгуулийн албан ёсны дүн хараахан гарах болоогүй байгаа хэдий ч олон улсын хэвлэлүүд Д.Трампыг ялалт байгуулах нь үндсэндээ тодорхой боллоо хэмээн мэдээлж эхлээд байна.

No description available.

Сонгуулийн үр дүнгүүд ар араасаа гарч, Дональд Трамп сонгогчдын коллежийн 267 төлөөлөгчийн саналыг цуглуулж, ялалт байгуулахад шаардлагатай 270 саналыг авахад тун ойртоод байгаа үед тэрээр дэмжигчдэдээ хандан үг хэлж, талархал дэвшүүллээ. Тэрээр түүний төлөө, “Make America Great Again” улс төрийн хөдөлгөөний төлөө саналаа өгсөн сонгогчдодоо талархал илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын албаныхандаа, эхнэр хүүхдүүд, гэр бүлийнхэндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлээд байна.

Д.Трамп олон хүнд баяр хүргэж, нэрийг нь дурьдсаны дотор Tesla, X компаниудын тэргүүн Элон Маск, мэргэжлийн холимог тулааны Дэлхийн хамгийн том холбоо болох UFC-гийн тэргүүн Дана Уайт, подкастаараа олонд танигдсан Америкийн хөтлөгч Жо Роган зэрэг түүнийг дэмжсэн алдартнууд багтлаа.  

Д.Трамп “Америкийг дахин агуу болгох бидний энэхүү хөдөлгөөн шинэ түвшинд гарч ирлээ. Одоо бүгдээрээ улс эх орноо засаж эмчилж, эрүүл болгохын төлөө хамтдаа зүтгэх болно” хэмээн хэллээ.  Мөн тэрээр Бүгд найрамдах нам Сенатын сонгуульд ялалт байгуулсныг онцолж, “Бид Сенатад хяналтаа эргүүлэн тогтоохоор боллоо” гэжээ.

2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигч нэрээ татсан, нэр дэвшигч солигдсон, нэр дэвшигчийн амь насанд халдахыг оролдсон гэх зэрэг нэлээн дуулиан шуугиантай явагдсанаас гадна сонгуульд америкчууд хариуцлагатай хандаж, идэвх болон ирц өндөртэй сонгууль болоод байна.

Хэрвээ ялалт байгуулвал өдгөө 78 настай Дональд Трамп АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч болж, Америкийн улс төрд эргэн ирсэн томоохон мэдэгдлийг хийхийн сацуу мөн хамгийн өндөр насандаа АНУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдсон хүнээр тодорч, түүхэнд нэрээ үлдээх юм. Одоогийн байдлаар уг амжилтыг 77 насандаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден эзэмшсэн хэвээрээ байна.

Харин түүний өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисын хувьд өнөөдөр Вашингтон хотноо байрлах Ховардын их сургуулийн гадна дэмжигчдийнхээ цуглаанд оролцож, үг хэлэхээр төлөвлөж байснаа цуцалж, сонгуулийн дүнг ойроос ажиглана гэдгээ мэдэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *