2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн дэд ерөнхийлөгч Камала Харрис хэдхэн цагийн өмнө ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийлээ.
Тэрээр нийслэл Вашингтон хот дахь өөрийнхөө сурч төгссөн Ховардын их сургуулийн өмнөх талбайд зассан индэр дээр гарч ирэн, дэмжигчиддээ хандан хэлсэн үгэндээ энэ удаагийн сонгуулийн үр дүн бидний хүссэнээр гараагүй хэдий ч үүнээс айж, эмээх хэрэггүй, улс төрийн тэмцлээ үргэлжлүүлсээр байх нь чухал гэдгийг онцолсон байна. Камала Харрис эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, галт зэвсгээр үйлдэгддэг хүчирхийллийн эсрэг тэмцлээ зогсолтгүй үргэлжлүүлсээр байх болно гэдгээ дэмжигчиддээ хэлжээ.
Мөн тэрээр өрсөлдөгч Дональд Трамптай утсаар холбогдож, түүнд ялалт байгуулсанд нь баяр хүргэхийн сацуу АНУ-ын төрийн тэргүүний албыг тайван замаар шилжүүлэх нь ямар чухал болох талаар ярилцаж, төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхээ амласан байна.
Камала Харрисыг үг хэлэх үед цугласан олны дунд түүнтэй нэг баг болж, дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн Миннесота мужийн амбан захирагч Тим Вальтц байсан байна. Өмнөх өдөр нь Камала Харрис яг энэхүү Ховард их сургуулийн өмнөх талбайд засч бэлдсэн тайзан дээр дэмжигчдийнхээ хамтаар сонгуулийн дүнг танилцуулах арга хэмжээнд оролцоно гэж байсан ч Хойд Каролина болон Жоржиа мужуудын төлөөлөгчдийн саналыг Д.Трампт алдсаныхаа дараагаар оролцохгүй гэдгээ мэдэгдэж, сонгогч дэмжигч олныхоо сэтгэлийг гонсойлгосон юм.
Ийнхүү Камала Харрис сонгуулийн санал хураалтын дараагийн өдөр нь сонгогч, дэмжигчдийнхээ өмнө гарч ирж, энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, улс төрийн соёлтой үйлдэл хийлээ. Харин дөрвөн жилийн өмнө Дональд Трамп огт өөр үйлдэл хийж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас түүний дэмжигчид Капитолын ордон руу дайран орсон үйл явдал болж байсан билээ.
Камала Харрисын хувьд өнгөрсөн 7 дугаар сард Ардчилсан намаас нэр дэвшигчээр тодорсон бөгөөд түүнд хамтран оролцох дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгож, сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын бодлого төлөвлөгөөгөө боловсруулж, “савлагаатай” гэгдэх долоон мужийн саналыг авахад түүнд 107 өдөр л байсан гэдгийг хэвлэлүүд бичиж байна. Камала Харрисын баг дээр хугацаанд 1 тэрбум гаруй ам.долларын хандивыг босгож чаджээ.
Мөн Камала Харрисын хувьд Америкийн улс төрийн том намаас нэр дэвшин, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр дахь эмэгтэй, Дональд Трампт ялагдсан хоёр дахь эмэгтэй улс төрч болоод байна. Ардчилсан намын хувьд энэ удаагийн ялагдал цорын ганц ялагдал биш. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдсан Конгрессын сонгуульд Бүгд найрамдах нам Сенатад мөн олонх болж ялалт байгуулснаас гадна Төлөөлөгчдийн танхимд ч мөн ялалт байгуулах төлөвтэй байгаа юм.
Камала Харрис мэдэгдэлдээ түүнийг дэмжсэн залуу үеийн төлөөлөлд хандан “Сонгуулийн үр дүнд гуниглаж, сэтгэл санаагаар унах мэдрэмжийг авах нь байдаг л зүйл, гэхдээ тэмцлээ зогсолтгүй үргэлжлүүлсээр байхад хэзээ нэгэн цагт ялдаг, гэхдээ заримдаа тэмцэл удаан үргэлжилдэг юм, тэглээ гээд бид ялагдсан гэсэн үг биш” хэмээн урмын үг хэлсэн байна.