Б.Баатар: Сэртхийлгэм мэдрэмж төрүүлбэл хүн илүү юм ойлгоно


“Мод тарих буян гэдэг шиг кино бүтээж, олон хүн баясгана гэдэг чинь бас нэг буян шүү дээ” хэмээн ярих хүн бол Б.Баатар. Түүнийг “Этгээд” киноны найруулагч гэдгээр олон нийт мэднэ. Өвөрмөц постер, трейллер, сонирхол татахуйц шинэлэг найруулга, өнгө төрхөөрөө этгээд мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг нь Баатар найруулагчийн чадвар. Тэрээр хамгийн сүүлд “Гажуудал” киногоо өлгийдөн авсан. Нэрнээсээ эхлээд өвөрмөц, шийдэл, өвөрмөц өнгө, дүр, дүрслэлээрээ урлагийн салбарт ялгарч яваа найруулагч Б.Баатартай ярилцлаа. Хүлээн авна уу!

  • Таны бие даасан “Гажуудал” кино Пусаны олон улсын 29 дэх кино наадмын “A Window On Asian Cinema” буюу “Азийн киноны цонх” хэсэгт 500 гаруй уран бүтээлээс онцлох 30 киноны нэгээр шалгарсан. Олон улсад Монгол Улсаа төлөөлөн киногоо нээлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач.

Миний хоёр дахь бие даасан “Гажуудал” кино Пусаны кино наадамд “Азийн киноны цонх” хэсэгт сонгогдсон. Пусанаас ирээд “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киногоор сонгогдон, Монгол дахь нээлтээ хийсэн. Одоо “Гажуудал” киноны гурав дахь хэсэг болох дараагийн киноны зохиол дээр ажиллаж байна. Энэ киногоо ирэх онд хийж, үзэгчдийн хүртээл болгоно. Миний хувьд нэг юм хийчхээд шууд дараагийн ажилдаа орохоос илүүтэй нэг бүтээлээ хүрэх эцсийн газарт нь хүртэл явуулах үүднээс дараагийн олон улсын кино наадмууд руу явуулсан. Одоогийн байдлаар тов нь ирээгүй байна. Ямар ч байсан кино маань гадаадын олон улсын кино наадамд хүч сориод, үргэлжлээд явж байгаа.

  • Найруулагчаар ажиллахаас өмнө та маш олон кинонд ерөнхий зураглаачаар ажилласан шүү дээ. “Хийморь”, “Яллагч”, “Сүүн замын сахиул”, хамгийн сүүлд “Ноён эмэгтэй” гэх мэт. Зураглаачаар ажиллаж байгаад найруулагч болох энэ шилжилт хэзээнээс эхэлсэн бэ?

Мэдээж уран бүтээлч хүний хувьд үргэлж ахиж дэвжих, хөгжих шаардлагатай байдаг. Тэр утгаараа зураглаач хүний хувьд эцсийн зорилго маань найруулагч болох байсан. Зураглаачаар ажиллаж байх үедээ уран бүтээлүүддээ өөрийнхөө үзэл санааг аль болох шингээж, зураг авалт гэхээс илүүтэй агуулгаар нь бүтнээр оролцохыг эрмэлзэж, хичээдэг байсан. Тухайн киноны санааг гаргахад найруулагчийн удирдлага дор ажиллана. Мэдээж өөрийнхөө санаа, бодлыг хэлнэ.

    Гэхдээ үүнийг авах хүн, авахгүй хүн байна. Эцсийн дүнд найруулагч болж байж өөрийнхөө дотор байгаа санаагаа хэнээс ч хамааралгүй, баригдахгүй, өөрийн хүссэнээр уран бүтээлээ хийх, туурвиж болох юм байна гэсэн бодол намайг хөтөлж явсаар 2022 онд тэр боломж бий болсон. Энэ хүртэл би яараагүй. Өөрийгөө бэлдэж, ахиж дэвжихийг хичээж, суралцаж ирсэн.

Цаг нь ирсэн болохоор одоо энэ боломжийг алдахгүй, өөрийнхөө киног хийе гэсэн бодол биеллээ олсон. Цаг нь ирсэн. Би өөрийгөө алдаагүй гэж бодож байгаа. Энэ бол өнөөдрийг хүртэл хичээж, зүтгэсэн шагнал. Нэг, хоёр юм хийлээ. Кино маань амжилттай явж байна. Гэхдээ энэ бүгд амаргүй. Баг хамт олонтой минь салшгүй холбоотой. Цаашдаа улам хичээх, өмнөх кинонууддаа гаргасан алдаагаа давтахгүй, илүү болгохын тулд хичээж байна.

  • Киноны нэрээс тухайн кино юу өгүүлэх гэж байгаа нь харагддаг. “Этгээд”, “Гажуудал” гэсэн богино атлаа сонирхол татахуйц нэртэй кино хийсэн. Энэ хэрээр өвөрмөц зураг авалт, найруулгатай болсон гэж үзэж байгаа. Та өөрийн хийсэн киногоороо юу хэлэхийг зорьсон бэ?

Киноны зохиолоо зохиолчтойгоо ярилцаад, санаагаа хэлэхэд, зохиолын үндсэн агуулга, суурь нь тодорхой гарч ирдэг. Би зохиол дээр их ач холбогдол өгөхийг боддог. Тиймээс зохиолчдоо хаячих биш, иймэрхүү байвал гэж санаагаа хэлж тулж ажилладаг. Ингээд цаасан дээр зохиол бүтэж байх хооронд киноны хэлбэр, хийцийг төсөөлдөг. Зураг авалт эхлэхэд, киноны эхлэл ямар өнгө аястай, уур амьсгалтай тавигдана, тэрийг барьж явахыг хичээдэг.

   “Этгээд” киногоороо хүн бүрийн өөр өөрийн өнцөг, этгээд сонин байдал, нийгэм болон хүн хоорондын харилцааг харуулахыг зорьсон. Тиймээс ч киноны дүрүүд тааварлашгүй, өөр өөрийн этгээд дүр төрхтэй байдаг. Миний хийсэн киноны төгсгөлд киноны нэр дээр үсэг юм уу цифр өөрчлөгддөг. Хэрвээ “Гажуудал” киног үзсэн бол төгсгөлд нь “Гашуудал” болж дуусдаг. Бид нарын гажуудал ямар гашуудал руу аваачиж байна вэ.

  “Этгээд” киноны нэрийн доор 2019 оны хүн амын тооллого буюу Монгол Улсын хүн амын тоо байдаг. Нэг ёсондоо “Этгээд” киноны нэр цифртэй, баркод шиг харагддаг. Киноны төгсгөлд хар хайрцаг дээр баркод наачихсан байдаг шүү дээ. Бид баркодтой цаасан дээр нүх бөглөөд хар машин руу хийдэг. Энэ нь бидний амьдрал, улс, нийгэм, ирээдүйг тодорхойлдог.

  Нэг ёсондоо бид баркод шиг болчихсон. Зүйрлэл нь тэр. Нийгмийг бүрдүүлж буй ард иргэд хэрхэн яаж зөв, буруу сонголт хийхээс бидний амьдрал хаашаа явах, нийгмийн аж байдал ямар түвшинд очих вэ гэдэг санааг гаргахыг зорьсон юм. Энэ хүрээнд “Гажуудал” кинон дээр сонголтын тухай гардаг. Бидний цаасан дээр дугуйлаад, машин руу хийсэн сонголт эргээд бидэнд яаж нөлөөлж байна. Бид сонголтынхоо золиос болж байна уу, боол нь болж байна уу? Сонголтынхоо үр шимийг нь хүртэж чадаж байна уу? Киногоороо хэлж байгаа далд суурь санаа нийгмийг төлөөлж буй. Тэрнээс хэн нэгэн эрх мэдэлтэн рүү дайрч, давшлахыг хүсэхгүй байгаа.

Бидний дээр эрх мэдлийн сандал дээр очоод суучихсан “Төр” гэдэг хийсвэр, харагддаггүй атал хүчирхэг зүйлийг хэрхэн яаж буруугаар ашиглаад байна вэ. Бид л төр, засгийг бүрдүүлж буй. Тиймээс ч “Гажуудал” киноны төгсгөлд гол дүрийн хүү сумны дариар “ИРГЭНГҮЙ ТӨР” хэмээн бичээд шатаачихсан бичиг нь үлддэг. Гэтэл цаана нь хүүгийн цогцсыг хоёр хүн өргөөд явж байдаг. Хэн нэгнийг даган дуурайж, үнэн худлыг шүүж чадахгүй, буруу зүйлд хамхуул шиг хийсэхгүйгээр хүн бүр өөрийн гэсэн бодолтой, ухамсартай байж, зөв бурууг ялгаж салгаж чаддаг болчихвол дараагийн хийх сонголт сайхан зүйл рүү хөтлөхөд ойрхон буй. Одоо бол бид хар, цагааны голд зогсож байна. Яг үнэндээ бид сонголтынхоо хохирогч, золиос нь болчихсон.

Яах вэ, миний киног хүмүүс хүнд кино байна гэдэг. Монголчууд үнэнтэйгээ нүүр тулж чадахгүй болчихсон учраас аймшигтай зүйл харахыг хүсэхгүй байгаа юм. Нэг өдөр чиний, миний хаалгыг тогшоод ороод ирсэн цагт яс махандаа шингэтэл ухаарна. Тэр болтол чиний хөрш, хажуу хавирганд энэ үйл явдал болж байхад харсан мөртлөө харахыг хүсдэггүй, бодохыг хүсдэггүй, дайжин зугтааж байдаг. Бидний бүтээсэн нийгэм өнөөдөр ийм л байна. Бидний сонгосон төрийн тэргүүд ийм л байна. Тиймээс “Гажуудал” киног залуу үеийнхэн бөөнөөрөө үзээсэй.

  • Би бодлоо л доо. “Этгээд”, “Гажуудал” хоорондоо уялдаа холбоотой, утга найруулга нь бие биеэ нөхөж яваа юм шиг санагдаад байна. Зөв үү?

Тийм. Ерөнхийдөө уялдаа холбоотой. “Этгээд”-ийн төгсгөлд жүжигчин С.Ариунбямба гарч ирээд дуусдаг шүү дээ. “Гажуудал” бол “Этгээд”-ийн хоёрдугаар ангийнх нь өмнөх анги. С.Ариунбямбын дүрийн эхлэл анги. Тэр шударга цагдаа, эр хүн байсан. “Этгээд 2” энэ нэрээрээ гарахгүй ч байж магадгүй. Гэхдээ л энэ цааш үргэлжилнэ. Яах вэ, муухай сонсогдож байгаа байх. Бид чинь ардчилсан улс. Гэхдээ бидэнд алхам тутамд дарангуйлал мэдрэгддэг. Ядуу хүмүүс ядуу чигээрээ байвал эрх мэдэлтэй, баян хүмүүс тэр дүрээрээ оршин тогтнож байдаг гэдэг. Бид хэт туйлдаа хүрлээ шүү дээ. Дундаж давхаргынхан бараг байхгүй болох гээд байгаа юм шиг. Нэг бол ядуу эсвэл баян гэсэн ангилал руу ороод байна.

   Ийм цөөхөн ард түмэн ийм том газар нутаг дээр, эцэг өвгөдийн минь үлдээсэн эд баялаг дээр ямар муухай өрөвдөлтэй амьдарч байна. Энэ байдалд хэтэрхий дасчихсан байна. Инээд хөөр, хөгжим, бүжиг энэ бүхэн биднийг нэг жалганд, хайрцганд хийчхээд биднийг эргэлдүүлээд байна. Гаргахыг хүсэхгүй байна. Бид буруу сонголтоосоо болоод, хэсэг бүлэг хүмүүсийн золиос болчихсон. Миний хэлэх гээд байгаа санаа бол хүнд сэдвээр сэртхийлгэм мэдрэмж төрүүлж байж хүн илүү ойлгох юм болов уу гэдэг үүднээс киноныхоо төрөл жанр, хийц хэлбэрийг хүндрүүлээд байгаа юм. Тэрнээс чи бид хоёр инээж хөөрөөд, төр засаг, нийгэм, хүн хоорондын харилцааг шүүмжилбэл хэн ч хүлээж авахгүй. Тоглоом тохуу хийгээд, “Нээрээ тийм шүү” гэж инээгээд, тав алхаад л мартана. Гурав дахь кино маань бүр л хүндэрнэ. Нэрийг нь хэлэх үү, болих уу.

  • Гурав дахь кинондоо нэр өгчихсөн хэрэг үү?

Өгчихсөн. Ерөнхий зохиол маань бичигдээд дуусаж байгаа. Энэ киногоороо Дэлхий нийтийн сэдэв дор, жижигхэн зүйлээр хүмүүсийн харилцаа, санааг гаргана гээд зорьчихсон байгаа.

  • Гурав дахь киног нь нээлтээ хийх үед дахин холбогдож ярилцлага авъя. Та “Гажуудал” киногоороо олон улсын кино наадмуудад оролцоод ирлээ. Тэнд очоод гадаадын шилдэг кинонуудыг харж, дүгнэсэн байх. Дэлхий нийтийн кино урлагийн хөгжил хаашаа явж байна. Монголын кино урлаг хаана явж байна вэ?

Би кино урлагийн хөгжил энд, тэнд явж байна гэж хэлж болохгүй л дээ. Хэлж чадах ч үгүй. Кино урлаг энэ тал руу явж байна гэж хэлэх хэцүү болчихсон. Хүн урлагаар дамжуулан, ямар нэг зүйл шүүмжилж, үзэл бодлоо хэлж байна. Зарим нь ямар ч санаа өгөхгүй, зөвхөн таашаал мэдрүүлэхийн тулд кино хийж байна. Зарим нь өнгөрсөн рүүгээ ухарч, “Бид ийм байсан шүү дээ. Одоо бид хаашаа яваад байна вэ” гэх санааг ч гаргадаг. Тухайн улс орны уран бүтээлчид өөр өөр хэв шинж, утга санаа, агуулга, хэлбэр, хийцээр уран бүтээлээ хийж байгаа.

Миний хувьд бие даасан кино хийгээд, олон улсын наадам руу явуулаад удаагүй байна. Дөнгөж алхаж орж байна. Дараа дараагийнхаа кинон дээрээ ч дотоодын болон гадаадын зах зээл рүү гэсэн хоёр чиглэлээ харж, уран бүтээлээ туурвиж байгаа. Сүүлийн үед Монголын киноны уран бүтээлчдийн бор зүрхээрээ авч яваа энэ салбар уналтад орох гээд байгаа юм шиг санагдаад байгаа. Мөнгө рүү хэт их туйлшраад байна уу даа. Уран бүтээлээрээ дамжуулан, үзэгч олонд хэлэх санаагаа умартаад, мөнгөний хойноос яваад байгаа юм шиг.

Мөнгө олох хэрэгтэй. Мөнгөгүй бол хэцүү. Мөнгө хөөнгөө уран бүтээл давхар хийхээ бодооч ээ. Хүмүүст хэлэх, хүргэх гээд байгаа санаагаа илүү нухацтай бодож, илүү бүтээлч байцгаагаасай. Бүтээлч байна гэдэг нь илүү хөгжөөч гэсэн санаа. Тэрнээс Монголын кино урлаг сайн, лаг байгаа. Хөгжиж байгаа. Гэхдээ үүнд хэдхэн продакшн, хүн биш, нийтээрээ цул болж явах ёстой. Бие биеэ даган дуурайж, хөгжиж, гал авалцаж явах хэрэгтэй. Мөнгө хөөгөөд эхлэхээр бидний хичээж, зүтгэж байгаа бүтээл хойш татагдаад байгаа гэж боддог.

  • Та сая хэллээ. Утга, агуулга үзэгчдэд хүргэх санаанаас илүү мөнгө олохыг бодоод байна гэж. Сүүлийн үеийн кинонууд гэр бүл салалт, араар тавилт гэх мэт хэдхэн сэдэв дотор эргэлдээд байдаг юм шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Сайн зохиол олдохгүй байна уу?

Яах вэ, энэ бол бидний өөрсдийн бий болгосон нийгэмтэй холбоотой. Бидний нийгэм хов жив, хэрүүл уруулд дуртай. Хэн нэгний амьдрал сонин байна шүү дээ. Энэ бол хорвоо ертөнцийн хаана ч байдаг асуудал. Гэхдээ энийг хоолоо болгож болохгүй л байхгүй юу. Энэ хүмүүст зориулж хов жив, хэрүүл уруулын тухай кино хийх нь эргээд тэр хүмүүсээ улам харанхуй болгоод, дараад байна шүү дээ.

    Мэдээж сайн зохиол чухал. Гэхдээ би эсрэг байр суурьтай байдаг. Хэрхэн сайн зохиол болгох вэ гэдэг нь бид бүхнээс хамааралтай. Тухайн киног хийх гэж байгаа хүнтэй хамааралтай. Зөв хүнээ олж сонгох ёстой. Зохиол бичүүлнэ гээд бүх санаагаа хэлж өгөөд явуулчихдаг. Ямар ном бичих гэж байгаа биш дээ. Хамт нягт харилцаа холбоотой байж, бие биеэ ойлгож, юу хийхээ зөв тодорхойлж байж кино зохиол гардаг.

Солонгосын алдарт “The Classic” киноны найруулагч Квак Жэ Ён киногоо хийхийн тулд шинээр дурласан байгаа юм. Залуухан бүсгүйд дурлаад, нэг ёсондоо хайрыг мэдрээд, тэр киногоо хийсэн. Тэгээд мань эр “Зохиолч нь найруулагчдаа хайртай, найруулагч нь зураглаачдаа хайртай, зураглаач нь зохиолчдоо хайртай байх ёстой. Энэ гурвын хооронд хайрын гурвалжин үүсэж байж төгс бүтээл гарна” гэж хэлсэн байдаг. Бие биеэ сайн мэдэрч, ойлгож, дурлаж, сэтгэл зүрхээ зориулан байж сайн бүтээл гарна гэсэн санаа.

   Ганц зохиолч нь сайн байгаад, нөгөө хоёр нь чадамжгүй, туршлагагүй бол новшийн зохиол болоод л дуусна. Муу зохиолыг туршлагатай найруулагч, зураглаач байвал сонирхолтой кино болгож болно. Жишээлбэл: 2019 онд гарсан “1917” гээд кино байдаг. Энэ кино дайны нэг цэгээс өөр батальонд чухал мэдээ хүргэх үүрэг хүлээсэн эрийн тухай гардаг. Уйтгартай юм шиг. Гэхдээ үүнийг зураглаачийн тасралтгүй үргэлжлэх зураг авалт, шотуудаар гоё, сонирхолтой болгож өгсөн. Дэлхийн бараг бүх хүн энэ киног мэднэ. Ийм байх жишээний. Сонирхолгүй зохиолыг хэрхэн сонирхолтой, үзүүштэй болгох вэ гэдэг нь тухайн уран бүтээлчдээс шалтгаална.

  • Кино урлагт хөрөнгө оруулалт хэр байна вэ. Бодитой хөрөнгө оруулалт байна уу? Кино хийхийн тулд зээл авч, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явдаг гэдэг шүү дээ.

Яах вэ, өмнөх үеэ бодвол продюсерын компаниуд орж ирээд, өөр түвшинд очсон. Гэсэн ч уран бүтээлчдэд 100% ээлтэй болоогүй л байна. Мэдээж бизнесийн байгууллага учраас хувиа авна, бага мөнгө өгдөг. Уран бүтээлчид тэр мөнгөөр уран бүтээлээ хийчих гээд танаж, хэмнэж явсаар киноны чанар хэдэн хувиар доошоо уначихдаг. Ингээд юм хийе бүтээе гэсэн хүмүүс шантарчихдаг.

  Сайн хөрөнгө оруулагчтай байгаад, сайн кино хийсэн ч кино театр муу байна. Улаанбаатар хотод хэдхэн кино театр байгаа шүү дээ. Гэвч театрууд уран бүтээлчдээ дэмжихгүй байна. Дэлхийн жишгээр гэрээ хийж, хувь авдаг атал өөрсдөө жишигт нийцсэн театр байж чадахгүй байна шүү дээ. Прожект, лампаа үнэтэйг нь гайхаад, хэдэн сард нэг солих ёстой гэдэг. Гэтэл өргөн дэлгэцэд зориулж хийсэн киног өргөн дэлгэцээр гаргаж чадахгүй байна. Энэ нь хүндрэлтэй байдаг.

    Тэгээд би “Гажуудал” киногоо IPTV-д өгөх жишээний. Театрын холбоонд гомдсон. Яах юм бэ. Бидний бүх юмаа шингээсэн бүтээлийг хүний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол гаргаж чадахгүй бол новшийн кино болоод л дуусна шүү дээ. Монгол киног хог шаар болгож байгаа бас нэг хүчин зүйл нь театр байгаа юм. Театр нь хүмүүсээ татаж байдаг, кино хийдэг хүмүүстэй нягт хамтарч ажилладаг баймаар байна шүү дээ. Гэтэл “Та нар маркетингаа муу хийлээ. Холливудын кино зүгээр байсан” гэдэг. Үнэндээ тэр улс ч гэсэн форматтай байгаа шүү дээ. “Этгээд”, “Гажуудал” киногоо Америк, Япон, Солонгос гээд гадаадын улсад гаргаад явахад, бидний хийсэн өнгө, дүрслэл, дуугаралт ямар ч асуудалгүй гардаг. Монголоос бусад газар өнгөний код ч зөрөөгүй, дуугаралтын хэмжээ хязгаар нь хүртэл зөрүүгүй байдаг. Ямар гоё гээч.

  • Та “Хийморь” кинонд зураглаачаар ажилласан. Уг кино “Оскар”-т нэр дэвшсэн шүү дээ. “Оскар”-т хүч сорих бодол байдаг уу?

Уран бүтээлч хүний хувьд мэдээж “Оскар”-т очих юм сан гэсэн бодол байгаа. Гэхдээ ганц нэг зүйл хийчхээд, “Миний кино “Оскар”-т очих ёстой” гэж тэнэгтэхгүй. Цаг нь ирвэл тэнд бид сайн бүтээлтэй, сайн ар талтай байх хэрэгтэй. Дан ганц сайн кино хийгээд “Оскар”-т өрсөлдөнө гэж байхгүй. “Оскар”-т дор хаяж 1-2 сая доллартой кино уран бүтээлээ авч очиж байж Дэлхийн хэмжээний кино уран бүтээлүүдтэй өрсөлдөхүйц хүчтэй зогсож чадна. Киногоо сурталчлахын зэрэгцээ улс орноо сурталчлан таниулна. Энэ бол найруулагч, кино уран бүтээлчдийн бус улс эх орны бодлогын асуудал.

  “Этгээд” киногоо 2023 онд Лос-Анжелес, Чикагод албан ёсоор нээж, улаан хивсний ёслолд оролцож байсан. Хэрвээ тухайн үед миний боломж байгаад, ар талд нөлөө байсан бол монгол киног хүчтэй нээж, соёлын арга хэмжээ явуулж болох байсан гэж боддог.

  • Зураглаач болъё гэж шийдсэн мөч хэзээ байсан бэ? Хүсэж байсан мэргэжил тань байсан уу?

Бага байхад баяраар ээж ажил дээрээсээ камер авчирч, аав баяр болгоноор ах дүү нараа цуглуулаад, гэртээ тэмдэглэдэг байсан. Тэр бүрийг дүрсжүүлдэг байсан. Зураг аваад явж байхдаа урлагийн хүн болбол гоё гэж бодсон. Яагаад ч юм гэнэтийн сонин хувь тохиолоор энэ салбар луу орсон. Урлагт илүү хайртай болгосон хүчин зүйл нь жүжигчин, дуу оруулагч Н.Нэргүйбаатар ахтай холбоотой. Нэргүйбаатар ах, Цогоо гуай, Цэмпилмаа эгч 2005-2006 онд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд гаднаас жижиг хөрөнгө оруулалт аваад, зохиомж хийж, өөрсдөө цалинждаг байсан. Тэр үед Нэргүйбаатар ах “Миний хүү! Чи аавтайгаа яваад, теле зохиомжийн зураг авах уу” гэсэн. Түүнийг бид аав гэж дууддаг юм. “Хэзээ вэ” гэхэд “Одоо явах гээд зураглаач олдохгүй байна” гэхэд нь “Тэгье” гээд  “High 8” гээд жижигхэн хальсны камер бариад явж байлаа. Тэр үед “Юнител” үйлчилгээгээ эхэлж байсан юм. Тэгээд “Үнээ төл” гэсэн хоёр хөрш айлын хөгжилтэй хөнгөн зохиомжийн зураг авсан. Тэгтэл авсан дүрсийг маань эвлүүлдэг хүн байдаггүй.

   Н.Нэргүйбаатар ах ”Миний хүү! Чи авсан дүрсээ эвлүүлэх үү” гээд “Би эвлүүлэг хийж мэдэхгүй шүү дээ” гэсэн чинь “Зүгээр ээ, амархан. Чи ингээд хийчих. Хоёулаа хамт сууя” гээд хийж байлаа. Ингээд тэр шөнө дүрсний урлагт бүр илүү дурлаж, сонирхдог болсон. Намайг энэ салбарт хайртай болгосон хүн нь Н.Нэргүйбаатар ах. Бид хоёр уулзаагүй олон жил болж байна. Гэхдээ би дотроо Нэргүй ахдаа гоё хүндэтгэл үзүүлнэ дээ гэж боддог. Цаг нь ирэх байх.

   Хэрвээ би тэр үед тухайн зохиомжид яваагүй, тэр эвлүүлгийг хийгээгүй байсан бол дүрсний урлагийн амтыг мэдрэхгүй өнгөрөх байсан болов уу. Урлагт хайртай болсныхоо хүчинд би өнөөдрийг хүртэл өлссөн, цангасан ч, зовсон ч зовлон гэж үздэггүй. Би урлагаас энерги авч, цадаж, эрч хүч авдаг, кайф мэдэрдэг.

Мод тарих буян юм гэдэг шиг кино бүтээж, олон хүн баясгана гэдэг чинь бас нэг буян шүү дээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *