Д.Урантунгалаг: Хүссэн мэргэжлээрээ тайван ажиллаж, уран бүтээлээ туурвиж явна


“Хүн дуртай мэргэжлээрээ ажиллавал өглөө бүр аз жаргалтай байна” гэж хэлсэн аавынхаа захиасаар урлагийн салбарт хос мэргэжил эзэмшиж, монгол ахуй, өв соёлоо түгээж яваа хүний нэг бол Соёлын тэргүүний ажилтан Д.Урантунгалаг. Тэрээр Үндэсний урлагийн их театрт уртын дуучнаар ажиллаж байсан. Өдгөө хувь уран бүтээлчийн хувиар дуу хуураа хадаан явж байгаа юм.

Д.Урантунгалаг ухаан орсон цагаасаа урлагтай холбогджээ. Түүний аав Цэндийн Данзанбадам тангараг өргөсөн хилийн цэрэг байв. Тэр гитар тоглож, сайхан дуулдаг, хоёр ах нь лимбэ, том эгч нь гитар тоглодог, гэр бүлээрээ урлагт элэгтэй байж. Тухайн үед орон даяар цахилгаан хязгаарладаг байв. Тог тасрах үед тэднийх гэр бүлээрээ гэртээ лааны гэрэлд концерт тоглодог байж. Тиймдээ ч гэр бүлээрээ хилийн цэргийн ангид концерт тоглож, аавтайгаа хамт “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дууг хамт дуулсан нь түүний сэтгэлд хоногшин үлдсэн сайхан дурсамжуудынх нь нэг.

Ийн багаасаа гэр бүлээрээ дамжуулан урлагтай холбогдож, урлагийн ямар нэг арга хэмжээнд алгасахгүй оролцож, бүх шагналыг нь түүдэг, Д.Урантунгалаггүй юм байдаггүй гэхэд хилсдэхгүй болж. Тиймдээ ч урлагийн хүн болохоор шийдсэн байна. Энэ сонголтод аав нь их нөлөөлжээ. Түүнийг СУИС-д шалгалт өгөхөөр явах үед аав нь “Хүн дуртай юмаа хийж, аз жаргалтай амьдрах ёстой. Дуртай мэргэжлээрээ ажиллавал өглөө бүр аз жаргалтай байна” хэмээн хэлж зоригжуулжээ. Ингээд аавынхаа хэлсэн үгэнд урамшин, ганцаараа хотыг зорьж, СУИС-д шалгалт өгөхөөр ирж байсан түүхтэй.

“Миний охиныг загнасан ч болно”

Д.Урантунгалагийг хоёрдугаар курсэд суралцаж байх үед аав нь хотод иржээ. Түүнээс өмнө бол охиндоо байнга захиа явуулдаг байж. Аавынх нь бичгийн хэв сайхан. Өссөн гэр, унасан газраасаа хол мэргэжил эзэмшихээр суралцаж буй охиндоо аав нь хошуу дэвсдэг байсан нь захидлаас тод харагдана. Аав нь тухайн үед өвчний улмаас ярьж чадахгүй болсон аж. Тэр өөрийгөө энэ орчлонд удахгүй гэдгийг мэдээд, охиныхоо багшид нэгэн захиа өгүүлжээ. Захиан дээр “Миний охиныг энэ мэргэжлийг эзэмшиж, зорилготой амьдрахад нь туслаарай, багш аа! Сайн уран бүтээлч болгохын тулд загнасан ч болно” хэмээн охиныхоо ирээдүйг багшид нь даатгажээ. Д.Урантунгалагийн багш бол Найдангийн Ганхуяг.

“Загнасан ч болно” гэсэн аавын энэ үг хамгийн том зөвшөөрөл байж дээ хэмээн Д.Урантунгалаг нулимстай өгүүлэв. Нээрээ л хамгийн том зөвшөөрөл, хайр хүндэтгэл аж.

Түүнийг хоёрдугаар курсед байхад аав нь тэнгэрийн оронд дэвшив. Сургуулиа төгссөний дараа 2007 онд Д.Урантунгалаг нөхөртэйгөө буюу хожмын Монгол Улсын тод манлай уяач Т.Ихбаяртай танилцжээ. Аав нь байхгүй учраас нөхрийгөө Н.Ганхуяг багштайгаа танилцуулсан байна. Тухайн үед түүний багш нөхөрт нь “Урлагийн хүнийг ойлгох амархан. Харин мэргэжлийг нь ойлгох хэцүү шүү. Миний охин манай ангийн сайн сурагч байсан. Мэргэжлээрээ ажиллаасай гэж хүсдэг болохоор мэргэжлийг нь ойлгоод, ажиллуулаарай” гэж хэлжээ.

“Багш маань яг л миний хүссэнээр миний аав ингэж хэлэх байсан болов уу гэж бодохоор сайхан үг хэлсэн. Багшийн хэлснийг одоо болтол нөхөр маань биелүүлж яваа. Ингэснээр би хүссэн мэргэжлээрээ тайван ажиллаж, уран бүтээлээ туурвин, сайхан дуу хуураа олон нийтэд түгээж явна. Замнал маань дардан байгаа нь үүнтэй холбоотой. Улам дардан яваасай гэж тэнгэрээс аав маань охиноо харж байгаа болов уу гэж баярладаг” гээд тэр нулимс унагав.

Түүний хувьд хань Т.Ихбаяртайгаа амьдралын их далай руу дөнгөж орж байх үедээ танилцжээ. Тухайн үед тэрээр 22, Т.Ихбаяр 23 настай байж. Танилцаад удаагүй байхдаа тэр хоёр Дорнод руу явжээ. Тэндээс авсан морь нь улсын наадамд өнгөтэй уралдаж, айрагдав. “Хурдан хүлгийн буянаар өргөө цагаан гэртэй болсон. Түүнээс хойш хуримаа хийж, үр хүүхдээ төрүүлж, ямар ч цаг үед хамтдаа байсаар энэ амьдралаа босгосон” хэмээн хуучиллаа.

Нөхөр нь Монгол Улсын тод манлай уяач хүн. Тиймдээ ч ханиа даган, хөдөө явж, морь ахуйгаа дээдэлдэг. Урлагт хос морьтой Д.Урантунгалаг монгол ахуй, соёл, өв уламжлал, түүхээ гэр бүлийн хамт тээж явна. “Үндэсний их баяр наадам, тэр дундаа хурдан морины уралдаан болохоор их сэтгэл хөдөлдөг. Өөрөө харж чадахгүй, гэрийн гадаа цай, сүүний дээжээ өргөөд, сэтгэл хөдлөн хүлээдэг. Гэрт байгаа хүмүүсээс мэдээ авсныхаа дараа гэртээ орж, зурагтаар морио хардаг. Их сэтгэл хөдөлдөг. Нулимсаа барьж дийлэхгүй шүү дээ” хэмээн Д.Урантунгалаг ярив.

Тэр өнөөдөр ч сайхан аавынхаа захиасыг биелүүлж явна. Амин охин нь байсан болохоор ч тэр үү, аавынхаа тухай ярих бүртээ хоолой нь зангирч, нулимс унагах ажээ. “Үргэлжлэл нь болж яваа үрийнх нь хувьд Монгол өв соёлоо тээн, уран бүтээлээ ард түмэндээ хүргэж, дуртай мэргэжлийнхээ ажлыг хийгээд, өдөр бүр аз жаргалтай амьдарч байна” хэмээн тэрээр ярьсан билээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *