Засгийн газар хариуцлага хүлээх үү?!


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-7-нд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өнөө орой эх орондоо ирнэ. Түүнийг эзгүй байх зуурт Засгийн газарт сануулга өгөх үйл явдлууд эрчимжив. УИХ-аар төсвийн 2025 оны төслийг хэлэлцэж байгаа энэ үед зарим сайд нь хэт хэнэггүй, хуралдаанд ирэхгүй, гишүүдийн асуултад бүрэн хариулт өгөхгүй “том толгой” гаргасаар буй. Мөн Засгийн газраас өргөн барьсан төсөлд төсвийн зардлыг 2023 оныхоос 60 хувиар давуулан тусгаж, дураараа загнасныг нь олон нийт шүүмжилж байна. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаа, зураг төсөвгүй, сайд нарын хувийн бизнес, эрх ашгаа дэмжсэн мэт зарим саналд тоох ч үгүй зарцуулахаар төсөлд тусгасныхаа хариуг хамтарсан Засгийн газар хүртэж буй бололтой.

Төсвийн төслөөс 3.6 их наяд төгрөгийн үргүй зардлыг танах шаардлагыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар гаргаж, улмаар бусдынхаа гарын үсгийг цуглуулж буй юм. Үүнд нь Үндэсний эвслийн дөрөв, АН-ын Х.Тэмүүжин, ХҮН намын Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл, ИЗНН-ын М.Нарантуяа-Нара нар дэмжиж гарын үсгээ зураад байна. Харин МАН-аас санаачилга гаргасан дээрх хоёр гишүүнээс өөр хүн нэгдсэнгүй. Арга ч үгүй биз, энэ хоёр гишүүн намын бодлогоо сөрж, шүүмжилж буй хойно. 12 гишүүн олонхыг яагаад ч дийлэхгүй. Гэхдээ тэдэнд олон нийтийн дэмжлэг бий. Тиймээс төсвийн төслөөс үргүй зардлыг хасах саналыг дэмжихгүй бол Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах ёстой гэсэн санал нийгмийн сүлжээнд гарч эхлэв. Мөн хамгийн их олны анхааралд өртөн шүүмжлүүлж буй ССАЖЗ-ын сайд Ч.Номинг огцруулах санаачилга илүү идэвхтэй өрнөж байна. Гэхдээ энэ бүхэн албан ёсных биш, одоогоор УИХ-ын гишүүдээс хэн нь ч аль нэг сайдыг огцруулах, Засгийн газарт хариуцлага тооцох тухай санал оруулаагүй. Төсвийн төслөөс үргүй зардлыг хасах тухай дээрх гишүүдийн саналыг хүлээж авахгүй бол харин огцруулах, хариуцлага тооцох саналыг тэдний зүгээс албажуулж мэдэх нь.

Ийм тохиолдолд Ерөнхий сайд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ. Хэдийгээр өнгөрсөн өдрүүдэд эзгүй байсан ч  тэрбээр мэдээлэл авч, хувилбар, тооцоогоо боловсруулж яваа биз ээ. Хэрэв зарим гишүүн, олон нийтийн шүүмжлэлийг үл харгалзан, өргөн барьсан төсвийн төслийг тэр хэвээр нь баталбал байдал үнэхээр буруу тийш эргэнэ. Төсвийн байнгын хорооны дарга, гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт 20 тэрбум төгрөгөөр бяслагны үйлдвэр барих лоббиг хийсэн хүн гэдгээ илчлэв. Хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой ажилд төр оролцож, боломжийг нь булааж буй уг үйлдлээ тэрбээр зөвтгөж, шүүмжилж буй хүмүүсийг “Замын ноход хуцаж л байдаг юм. Угаасаа Хөвсгөл аймгийн бүх суманд ийм үйлдвэр барина, энэ ажил хийгдэнэ. Өнгөрсөн 30 жилд хувийн хэвшлийнхэн ер нь юу хийсэн юм. Жижиг зах зээлтэй улсад төрийн зохицуулалттай эдийн засаг хэрэгтэй гэдэг агуулгаар бяслагны үйлдвэр барьж байна” хэмээн бардамнажээ. Сайд нар ч мөн ийм л байдлаар ард иргэд, хувийн хэвшлээ даапаалж буй учраас л Засгийн газрыг огцруулж, хариуцлага тооцох тухай яриа гарсан хэрэг. Төсвийн төслийг өргөн барихаас нь өмнө энэ мэтээр зарим гишүүн эрх ашгийн саналаа тусгачихсан бол хэлэлцүүлгийн явцад бусад нь санаагаа шургуулахаар оролдож байгаа. Засгийн газар үрэлгэн зардал ихтэй, ашиг сонирхлын зөрчилтэй төсвийн төслөө тэр хэвээр зүтгүүлж, УИХ олонхоороо батлах юм бол эднийг хамтад нь огцруулах тухай яриа ч өрнөж мэднэ. Тиймээс Ерөнхий сайд голыг нь олсон зөв шийдвэр гаргах хэрэгтэй болоод байна.

Хамгийн зөв арга бол төсвийн төсөлд тусгасан зарим үргүй зардлыг танах. Уг төлөвлөгөөгөө хамгийн их шүүмжлүүлж буй Ч.Номин сайдыг огцруулахтай хослуулах сураг ч дуулдаж байна. Өөрөөр хэлбэл, өөр дээрээ гал дуудаад буй сайдаа огцруулж, өсвөр насны хүүхдүүдэд соёлын үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах 18.3 тэрбум төгрөгийг хассанаар энэ бүхэн дуусна. Цаагуурх олон үргүй зардлыг иргэд шүүмжлэхгүй атлаа зөвхөн Ч.Номингийн үнэгүй тасалбар дээр л хамаг анхаарлаа төвлөрүүлчихээд байгаа юм. Уг нь “Тэнэгийн дуугүй нь сүртэй” гэдэг үг бий. Гэтэл эрхэм сайд чимээгүй байхын оронд өөрөө угтаж үйлдэл хийгээд, улам нүхээ ухаад байх юм. Уран бүтээлчдийн төлөөллөөр хэвлэлийн хурал хийлгэж, нэмээд цахим хуудсандаа “Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй” хэмээн бичжээ. Ингээд “Асуудлын цаад агуулгыг ч ойлгохгүй байна” хэмээн түүнийг бүр л их шүүмжилж эхэлсэн. Ганцхан сайд огцруулахаар хангалттай санагдахгүй тул өөр бас бус хүнийг ч “золиослох” магадлал бий.

МАН-ын бодлогыг эсэргүүцэн, олон нийтийн эрх ашгийн төлөө дуугарч буй Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нарын ард Засгийн газрын алдаан дээр дөрөөлж, унагах хүсэлтэй цөөнгүй хүн бий гэсэн хардлага ч гарах болов. Дангаараа олонх болсон атлаа АН, ХҮН намынхныг танхимдаа урьсанд нь дургүйцсэн МАН-ын гишүүдийн хувьд төсвийн төслөөр дамжуулан Л.Оюун-Эрдэнийн танхимд хариуцлага тооцох хүсэл байгаа. Тэмцэл хийж буй хүмүүс өөрсдөө бас хоёрдугаар ээлжид хоолонд ордог жишиг манай улс төрд байдаг. Тэгэхээр тэдний эрх ашиг зөвхөн олон нийтийн төлөө, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхээр хязгаарлагдахгүй байж мэднэ.

Төсвийн төслийг энэ сарын 15-ны дотор батлах хуультай. Ингэж чадахгүй бол Засгийн газар огцрох хууль зүйн зохицуулалт бий. Төсвөө баталж чадахгүйгээс болж огцорсон Засгийн газар одоогоор гараагүй байна. Тиймээс олон нийтийн бухимдлыг бага боловч бууруулж, танхимаа бүтэн авч үлдэх, эсвэл бусдын “таашаалд нийцүүлж” сайд нараасаа заримыг нь огцруулах замын алийг нь Ерөнхий сайд сонгох нь ирэх долоо хоногт тодорхой болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *