Маргаашийн төлөө гэдгийн цаана


Хятадын эдийн засаг хямарвал Монголын халаас хоосордог гэдгийг манай улстөрчид, тэр дундаа Засгийн газрын гишүүд мартжээ. Мартъя гэж мартсан л даа. Маргаашийн төлөө мартсан гэж тэд үүнийгээ тайлбарлаж байна. Мега төслүүд хэрэгжүүлэх нь буруу биш. Бага багаар он дамжуулан амсуулах байдлаар төсөл хэрэгжүүлдэг аргаа өөрчилж, том төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь зөв л дөө. Маргаашийн төлөө иймэрхүү өөрчлөлт хийж байгаа Засгийн газарт амжилт хүсэхэд болохгүй зүйлгүй.

Амжилт хүсээд, алхам бүрийг нь хянах шаардлага бас байна. Учир юу гэвээс Монгол Улсын 2025 оны төсөв ингэж данхайтлаа нэмэгдэж байгаа нь мега төсөл, эдийн засгийн реформтой холбоотой гэж Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нар бидэнд итгүүлэхийг хүсэж байгаа. Гэвч тэд урсгал зардалд 26 их наяд төгрөг үрэх гэж байна. Мега төсөл, эрчим хүчний реформоор халхавчилсан мөнгөний цавчаа үүний цаана байж магадгүй юм.

Маргааш ямар байхыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нар мэдэх үү? Тэр чинь ирээдүй шүү дээ. Тэгтэл Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан тэргүүтэн “БНХАУ 2025 онд Монголоос нүүрс худалдаж авна. 80 сая тонн нүүрс заръя” гэж хөөрцөглөөд л… Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгааг эдийн засагчид анхааруулсаар байхад л Монголын нүүрс хэзээд өндөр үнэтэй байх мэтээр өөрсдийгөө тайвшруулаад, улсын төсвөө 1.9 тэрбумын алдагдалтай батлах нь тодорхой боллоо. Засгийн газар жил бүр л улсын төсвийг алдагдалтай баталсаар, зарлагаа нэмсээр гаршив.

Энэ бүхнийг чимээгүй харж суудаг хувийн хэвшлийнхэн энэ удаад хэвлэлийн хурал хийж, ам нээв. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн гишүүд “Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндөр тооцсон, төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ дараа, шалгуур, үр ашиг нь тодорхойгүй, төсвийн урсгал зардлыг оновчтой тооцоогүй, зарим урсгал зардлыг хэт өсгөсөн байна” гэж шүүмжлэв. Төсвийн орлогын 87 хувийг буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр Засгийн газар тооцжээ. Аж ахуйн нэгж, иргэд 2023 оныхоос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэсэн үг. Нэг удаагийн орлогоос хүртэл нийгмийн даатгалын шимтгэл суутгах юм байна. Иргэн бүрийнхээ дансыг нүд цавчилгүй хянаж, зоос бүрт татвар ногдуулах нь ээ. Хувь хүнийг ингэж цагдах юм бол аж ахуйн нэгжийн мөрийг мөшгөж, мөчийг жиргэх нь ойлгомжтой. Татвар төлөгчдийн халаасыг хоосолж, тамтагт нь тултал дарамтлах бодлого гэж үүнийг хэлж болох юм.

Ирэх 2025 онд төрийн 226.2 мянган албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан 6%-иар нэмэхээ Засгийн газар мэдэгдсэн. Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1.166.000 төгрөг болно. Суманд ажилладаг бол 1.632.400 төгрөг, аймгийн төв болон Багануур, Багахангай, Налайх дүүрэгт харьяалалтай бол 1.399.200 төгрөгийн цалин авдаг болно. Сайхан сонсогдож байна уу?

Цалин нэмэх сургаар хүн бүр баярладаг л даа. Харамсалтай нь Засгийн газар цалингийн нэмэгдлээ төрийн албан хаагчдад харуулчхаад, буцааж авахаар тооцжээ.

2025 онд хувь хүний орлогын албан татвар хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх орлогыг 586.5 тэрбум төгрөгөөр буюу 25.2%-иар өсгөж, 2,918.3 тэрбум төгрөгт хүргэхээр тооцсон байна. Төрийн албан хаагч таны цалин хэдэн төгрөгөөр нэмэгдлээ ч ХХОАТ нэрээр буцаад төрд очно гэсэн үг. Засгийн газар ингэж л шилний цаанаас чихэр долоолгодог аргатай.

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхийн хэрээр хувийн хэвшлийнхэн ажлаасаа гарч, төрд шургахыг хүсдэг. Ажиллагсдаа алдахгүйн тулд бизнес эрхлэгчид цалингаа нэмнэ. Цалингийн зардал нэмэгдэхээр тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өснө. Талхчиныхаа цалинг нэмэхийн тулд талхны үйлдвэр талхныхаа үнийг л нэмнэ шүү дээ. Ийм байдлаар Монголын төр юмны үнийг хөөргөдөж ирлээ. 2025 онд ч үргэлжилнэ.

Энэ талаар “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Наран трейд” ХХК-ийн ерөнхий захирал Д.Удвал, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, “Жүр-Үр” ХХК-ийн дэд захирал Б.Мөнхзул, “Барс” группийн ерөнхий захирал Ч.Амарбаатар, “Ард даатгал” ХК-ийн ТУЗ-ийн дарга О.Одбаяр, МҮХАҮТ-ын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа нар “Төсвийн хэт тэлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам хумих үр дагавартай. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн ихээхэн ачаалал, дарамт дор байгаа бизнес эрхлэгчдийн хувьд 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд болно.

Иймд Монгол улсын төсвийн зарлагыг жилээс жилд нэмэгдүүлэн, хэт тэлдэг байдлыг таслан зогсоох, эдийн засгийн өндөр өсөлттэй үед урсгал зардлыг нэмэх биш, харин татварын ачааллыг бууруулах, эдийн засагт ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх болон нийгмийн халамжийн бодлогыг өөрчлөн, халамжаас хөдөлмөрт шилжих чиглэлд эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэдэгдэж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хариуцлагыг холбогдох байгууллага, албан тушаалтантай тооцох нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулъя” гэсэн юм. 2025 оны улсын төсвийн төслийг УИХ хэрхэн хэлэлцэн батлахыг бизнес эрхлэгчид анхааралтай ажиглаж, үе шаттай арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, СЭЗИС-ийн зөвлөх багш Ж.Дэлгэрсайхан “Монгол Улсад төсвийн тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал. Ингэж чадахгүй бол төсвийн алдагдал, өрийн дарамт, мөчлөг дагасан хямрал, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, нэг салбараас хэт хамааралтай байдал зэрэг нь үргэлжилнэ” гэж сэрэмжлүүлэв. Гэвч тэдний үгийг тоож байгаа хүн Засгийн газарт алга.

2024 оны УИХ-ын сонгуулиар МАН улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25% хүртэл бууруулах, АН улсын нэгдсэн төсвийн зардлыг 20%-иар танах, ХҮН төсвийн зардлыг бодитоор бууруулах тухай амнаасаа буцаж, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцож, УИХ-д өргөн бариад байна. УИХ-ын сонгууль өнгөрөөд ганцхан улирал өнгөрч, намын дарга нарын амнаас унасан үг, өгүүлбэр хэвлэлийн хуудсан дээр дурайж, ард түмний санах ойд хадгалаастай байсаар атал үгнээсээ буцаж, өнөөх өөдгүй зангаа гаргав. 

Ирэх оны төсвийн төслийг 2023 оны төсөвтэй харьцуулбал, төсвийн орлого 15 их наяд төгрөг буюу 68.8%-иар, төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60%-иар, урсгал зардал 9.1 их наяд төгрөг буюу 53.9%-иар нэмэгдэх нь. Төсвийн орлого тэдний мөрөөдсөний дагуу нэмэгдээ ч үү, үгүй ч үү. Энэ нь нүүрсний үнэ хэд байхаас, хятадууд манайхаас хэр хэмжээний нүүрс авахаас шалтгаална. Ирээдүйг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй атал төсвийн орлогыг 68.8%-иар тооцсон нь үнэхээр жигтэй. Энэ хоосон тоон дээрээ дөрөөлөн, зарлагаа 60%-иар нэмэхээр төлөвлөжээ. Орж ирсэн мөнгө бүрийг буцаан зарцуулах нь үүнээс харагдаж байна. Хэрвээ нүүрс зарагдахгүй бол яах вэ? Өнөө мега төслүүдээ юугаар санхүүжүүлэх вэ? Мэдээж сурснаараа өр тавина. Маргаашийн төлөө гэж манийгаа молгидох Засгийн газар маргааш монголчуудыг өрөнд унагаж, өтөнд бариулах нь.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *