НЭМҮТ, ХӨСҮТ-өөс гаргасан сүүлийн долоон жилийн харьцуулсан судалгааг харвал, 2018 оноос өмнө улсын хэмжээнд угаарын хийн хордлогын тохиолдол жилд 30 орчим бүртгэгддэг байсан бол 2019 оноос хойш энэ тоо огцом өсч 1000-аас буугаагүй. Өнгөрсөн онд бүр 3184 тохиолдол бүртгэгдсэн байна.
2023 онд улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 61 хүн нас барсан гэдэг. 2024 оны эхний 4 сарын байдлаар 1000 орчим хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 20 хүн нас баржээ.
Тухайлбал, 2024 оны гуравдугаар сард СХД-ийн 6 дугаар хорооны нутагт дэвсгэрт нэг айлд 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан.
БЗД-ийн 8 дугаар хороонд 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж амь насаа алдсан.
Үүний дараа мөн СХД-ийн 41-р хороонд 12 настай хүү угаартаж нас барсан гээд баримтууд олон нийтэд ил болсон байдаг.
Хамгийн сүүлд аравдугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 40 настай, эрэгтэй Н угаартаж нас баржээ.
Есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл нийслэлд угаарын хийд хордсон гэх 65 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн байна.
Үүний цаана чимээгүй хэдэн хүн угаартаж хохирсныг таашгүй. Дээр дурдсан ослуудын шалтгаан нь бүгд ижил төстэй. Яндангаа буулгаад өрхөө бүтээсэн байсан, угаарын хий мэдрэгч ажиллаагүй, зайг нь салгасан байсан, эсвэл хий мэдрэгчгүй байсан гэдэг. Өнөөдрийн байдлаар 190 орчим айл өрх түлш түлж байгаа гэх мэдээлэл бий.
Гадаа хүйтэрч эхэлсэнтэй холбоотой айл өрхийн гишүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирол эрсдэл нэмэгддэг.
Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэе.
- Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
- Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
- Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)
- Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
- Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
- Галлагаа хийхдээ нунтаг түлш түлэхгүй байх
- Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшинг шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
- Галлагаа хийсэн бол янданг сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Угаарын хийн хордлогын үед анхны тусламжийг дараах байдлаар үзүүлнэ
- Угаартай орчноос яаралтай гаргах
- Унтуулахгүй байх
- Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)
- Эмчид яаралтай хандахыг зөвлөе.