2024 он дэлхийн хамгийн халуун жил болно


Европын уур амьсгалын судалгааны байгууллагын зүгээс 2024 он дэлхийн хамгийн халуун жил болох нь үндсэндээ тодорхой болоод байгааг мэдээллээ.

Жилийн турш үргэлжилсэн хэт халалт, мөн асар их гарз хохирол учруулсан хар салхи ихтэй энэ жил дэлхийн дундаж температурын хэмжээ аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж температуртай харьцуулахад цельсийн 1.5 хэмээр өндөр байсныг судлаачид тогтоосноор 2024 он агаарын хэмийг бүртгэж эхэлснээс хойшхи хамгийн халуун жил болно гэдгийг ийнхүү онцолж байна. Аж үйлдвэржилтийн өмнөх үе гэдэгт хүн төрөлхтөн малтмал түлшийг үлэмж хэмжээгээр шатаан хэрэглэдэг болохоос өмнөх буюу 1850-1900 оны үеийг багтаадаг.

ЕХ-ны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албаны зүгээс танилцуулсан статистик мэдээллээр 2024 оны төгсгөлд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж температураас хамгийн багадаа цельсийн 1.55 хэмээр өндөр байх тооцоо гарчээ. Дэлхийн агаарын дундаж хэм 2024 оны эхний 10 сарын хугацаанд хамгийн өндөр байсан байна.

Дэлхийн дундаж температур жилээс жилд нэмэгдэж байгаа хандлагыг эрдэмтэд ихэнх тохиолдолд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарласаар ирсэн. Ирэх долоо хоногт Азербайжан улсад зохиогдох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP29 бага хуралд энэхүү тулгамдсан асуудлыг гол сэдвээ болгон гарган тавих ёстой гэдгийг эрдэмтэн судлаачид тодотгож байна.

Хэрвээ Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албаны тооцоолол энэ он дуусах үед үнэн зөв байж таарвал өнгөрөгч 2023 онд тогтоож байсан хамгийн халуун жилийн рекордыг эвдэх болно. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн халуун жил гэгдэж байгаа 2023 онд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн 1.48 хэмээр дулаан байсан юм. 

Дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэлгүй барих урт хугацааны зорилго бүхий 2015 оны Парисын уур амьсгалын гэрээнд дэлхийн 200 орчим улс орон нэгдэн орж, гэрээний дагуу малтмал түлшнээс шат дараатайгаар татгалзах үүрэг хүлээсэн байдаг. 

Гэвч жилээс жилд тэрхүү хэтрүүлэхгүй гэсэн хязгаарт улам бүр ойртож, жил бүр хамгийн халуун жилээр тодорсоор байна. Хэрвээ ямарваа нэг өөрчлөлт хийлгүй, одоо баримталж байгаа олон улсын бодлогын дагуу явбал 2100 он гэхэд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс цельсийн 3 хэмээр өсөх болно гэдгийг өнгөрөгч сард НҮБ-ын зүгээс анхааруулсан билээ.

Гэхдээ 2024 оныг хамгийн халуун жил болохгүй гэсэн байр суурьтай судлаач нар мөн олон байгаа юм. Эсрэг үзэл бодолтой эрдэмтдийн зүгээс 2024 оны сүүлийн хоёр сард тохиох La Niña хэмээх уур амьсгалын үзэгдлийн улмаас агаарын температур огцом буурч, энэ оны дундаж температур 1.5 хэмийн өсөлтөөс бага гарна хэмээн үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *