“Бэлтэс мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 5-наас хойш 4 өдөр хэлэлцээд, өнөөдөр завсарлалаа. Уг хэрэгт нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлсэн юм. Энэ хэрэгт холбогдсон Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нар гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 13-ны 14:00 цаг хүртэл завсарлажээ.
Тус хэрэгт холбогдсон, хохирсон хүн олон байсан учир шүүх хурлыг 11 дүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цагаас Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд хийсэн байна. Шүүх хуралд улсын яллагч танхимаар 2, цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч танхимаар 175, иргэний хариуцагч танхимаар 2, шүүгдэгч нарын өмгөөлөгч танхимаар 5, хохирогч нарын өмгөөлөгч цахимаар 5 оролцов. Нийт 190 хүн оролцсон энэ шүүх хурлын шийдвэр 13-нд гарна.