АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өөрийн сонгуулийн кампанит ажлын ерөнхий менежерээр ажилласан Сьюзан Саммеролл Уайлесыг ирэх жил албандаа орсны дараа Цагаан Ордны ажилчдын ахлахаар томилно гэдгээ зарлалаа.
Тэрээр мэдэгдэлдээ “Сьюзан Уайлес надад Америкийн түүхэн дэх хамгийн агуу улс төрийн ялалтыг авчрахад тусалсан, чанга хатуу, ухаалаг, хүн бүрийн хүндлэлийг хүлээсэн хүн” гэжээ. Мөн “АНУ-ын түүхэнд Сьюзан анхны эмэгтэй Цагаан Ордны ажилчдын ахлахаар ажиллаж хүндтэй үүргийг хүлээх болно” хэмээн хэлсэн байна.
Хоёр дахь удаагаа АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа Д.Трампын төрийн эрх мэдлийг шилжүүлэн авах ажлыг хариуцаж байгаа баг яг энэ цаг мөчид түүний засаг захиргаанд багтах гишүүдийг сонгож байгаа юм. Үүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга гэх зэрэг 15 сайд нарын томилгоо багтаж байна.
Харин Цагаан Ордны ажилчдын ахлахаар томилогдохоор болоод байгаа Сьюзан Уайлесын хувьд өнгөрсөн зууны 70-аад оны сүүлээр анх улс төрд ажиллаж эхэлсэн бөгөөд 1980 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Рональд Рейганы сурталчилгааны кампанит ажлын багт орж ажиллаж байжээ.
Тэрээр Флорида мужийн улс төрийн орчинд маш нөлөөтэй нэгэн. Жишээ татахад 2010 оны сонгуулиар улс төрийн ямар ч туршлагагүй бизнесмен Рик Скоттыг тус мужийн амбан захирагч болгож байсан бол өдгөө Рик Скотт АНУ-ын Сенатын гишүүнээр ажиллаж байгаа юм.
Өдгөө 67 настай Сьюзан Уайлес анх 2015 онд Бүгд найрамдах нам доторх сунгааны үеэр Д.Трамптай уулзаж, Флорида муж дахь түүний кампанит ажлыг хариуцахаар болж байсан бөгөөд 2016 оны сонгуулиар Д.Трамп тус мужид ялалт байгуулж байсан түүхтэй. Харин энэ удаагийн сонгуулиар Сьюзан Уайлес БНН-ын гишүүн, ахмад улс төрч Крис ЛаСивита-тай хамтран нэг баг болон ажиллаж, Трампыг сонгуульд ялуулах стратеги төлөвлөгөөг боловсруулсан ажээ.
Харин түүний томилогдохоор болоод байгаа Цагаан Ордны ажилчдын ахлах гэдэг албан тушаал нь ерөнхийлөгчийн шууд удирдлаган доор ажилладаг, Цагаан Ордны өдөр тутмын ажлыг удирдан зохицуулдаг удирдах албан тушаал юм.