Монгол үсгийн урлагийн талаар хэлэлцэнэ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг 2024” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд үсгийн урлагийн ахмад болон залуу үеийн нэрт төлөөлөгчид монгол үсгийн урлагийн талаар хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг хэлэлцүүлгийг МУИС-ийн I байрны дугуй танхимд энэ сарын 8-ны 15:00 цагт зохион байгуулна.

Монголын үсгийн урлагийн сүүлийн хагас зуун жилийн түүхэнд анхны тохиолдол болж буй тус хэлэлцүүлэгт Ардын зураач, Төрийн шагналт Ш.Чимэддорж, Төрийн соёрхолт барималч Л.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа, С.Дагвадорж, Хэвлэлийн нэгдсэн редакцын уран сайхны редактор асан П.Төмөрпүрэв, МУЭ-ийн графикийн нэгдлийн тэргүүлэгч З.Уянга, Урлаг судлалын ухааны доктор Ч.Болдбаатар тэргүүтэй ахмад үеийн үсгийн урлагийн мэргэжилтнүүд оролцох юм байна.

Хэлэлцүүлгийг чиглүүлэх гурван илтгэлийн хүрээнд өрнүүлэх бөгөөд Монголын Хүүхдийн Ордны багш, каллиграфийн мастер Д.Батбаяр “БНМАУ-ын Дүрслэх урлагийн байгууллага нийгэмдээ үсгийн урлагаар хэрхэн үйлчилж байсан бэ”, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал, доктор, дэд профессор Ц.Батсайхан “Дизайны сургалт ба үсгийн урлаг”, каллиграфийн мастер, Онолт Т.Жамьянсүрэн “Үсгийн урлагийн мэдлэг, ур зүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ажээ.

2011 оноос зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг 2024” үзэсгэлэнг энэ сарын 16 хүртэл Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд гаргах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *