Нэг сургуулиас 20 минутын дотор 5 гар утас хулгайд алдагджээ


Дүрэмт хувцас өмсөж, цүнх үүрсэн этгээдүүд сурагчдын хичээл орох, тарах цагаар сургуулиудаар явж, гар утас хулгайлдаг болжээ. Тухайлбал: Өнгөрсөн аравдугаар сарын 9-нд нийслэлийн 41-р сургуулиас 4 хүүхэд гар утсаа хулгайд алджээ. Энэ хэргийг 15 настай хүүхэд үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайтай тэмцэх хэлтэс илрүүлсэн байна. Уг хүү өмнө нь хулгайн гэмт хэргээр хорих ял эдэлж байсан аж.

Зөвхөн хүүхэд биш, том хүмүүс ч сургуулиар явж, бүлэглэн хулгай хийдэг юм байна. Нийслэлийн 2-р сургуулиас 10 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 28-нд 20 минутын дотор 5 утас хулгайд алдагджээ. Үүнийг 30 орчим настай Г, Э нар үйлдсэнийг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

Хулгайч нар бусдын гар утсыг хулгайлсан даруйдаа зээлийн аппликэйшнээр дамжуулан тухайн хүний өмнөөс зээл авч, уг мөнгөө өөрийнхөө дансанд шилжүүлэн авдаг юм байна. Мөн утсан дээрх банкны апп-д нэвтэрч, дансан дахь мөнгийг нь хулгайлдаг аж.

Гар утас хулгайлах гэмт хэрэгт холбогдож буй этгээдүүдийн олонх нь насанд хүрээгүй буюу 14-15 насны хүүхдүүд байна. Тэд ийм хэрэг хийх болсон шалтгаанаа “Ар гэрийн хараа хяналт сул. Надад анхаарал халамж тавьдаггүй. Намайг хэнтэй, хаана, юу хийж байгааг гэрийнхэн маань мэдэхгүй” хэмээн мэдүүлжээ.

14-өөс дээш насны хүүхэд анх удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд зорчих эрхийг нь хязгаарлах, цахим гав зүүлгэх зэрэг арга хэмжээ авдаг. Олон удаа ийм хэрэг хийвэл хорих ял оногдуулдаг байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ сайн ярилцах, хулгайн гэмт хэргийн хор уршгийн талаар ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Сургуулиас сурагчдыг хулгайн гэмт хэргийн талаарх мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах шаардлагатай гэж цагдаагийнхан үзэж байв.

Хүүхдүүд олон нийтийн болон сургуулийн ойр тойронд сонор сэрэмжтэй явж, эд зүйлсдээ хянамгай хандаж байх хэрэгтэйг сануулъя. Эцэг эхчүүд ч энэ талаар хүүхдэдээ захих хэрэгтэй.

Учир нь НЦУГ-ын Халаасны хулгайтай тэмцэх хэлтэс гар утас хулгайд алдсан гэх 1200 орчим хэрэг шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *