ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 47 дахь Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Д.Трампад баяр хүргэсэн байна. В.Путин ОХУ-ын Сочи хотноо зохиогдсон, ОУ-ын “Валдай” клубын уулзалтын үеэр Д.Трампын талаар ярьж, түүнд баяр хүргэжээ.
Мөн тэрээр Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэхийн сацуу өнгөрсөн 7 дугаар сард түүний амь насанд нь халдахыг оролдсон хэрэг явдлын үеэр өөрийгөө “жинхэнэ эр хүн” гэдгээ харуулсан хэмээн онцолсон байна.
“Валдай” форумын хөтлөгчийн “хэрвээ Д.Трамп таньтай уулзалт хийх санал гаргавал яах вэ” гэсэн асуултад В.Путин шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа хүсэх юм бол харилцаагаа сэргээхэд бэлэн, Д.Трамптай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Энэ нь Д.Трампыг сонгуульд ялалт байгуулсны дараа ОХУ-ын ерөнхийлөгчийн хийсэн анхны мэдэгдэл байлаа. Хоёр дахь удаагаа сонгогдсон Д.Трампын засаг захиргаанаас юу хүлээж байгаа вэ гэсэн асуултанд В.Путин “Одоо юу болохыг би мэдэхгүй байна. Надад ямар хэлэх зүйл алга” гэжээ.
Д.Трампын хувьд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд 24 цагийн дотор Украинд энх тайвныг тогтоож чадна хэмээн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэлж байсан юм. Гэхдээ Украины дайныг хэрхэн яаж, ямар аргаар зогсоох гэж байгаа талаараа хэлээгүй билээ.