Рафаэль хар салхинд дайруулсан Куба улс цахилгааны тасалдлаа сэргээж эхэллээ


Рафаэль хар салхины улмаас лхагва гаригаас эхлэн үндэсний хэмжээнд цахилгааны тасалдалд ороод байгаа 10 сая хүн амтай Куба улсын эрх баригчид цахилгааны тасалдлыг сэргээх оролдлогыг эхлүүлээд байна.

Рафаэль хар салхи тус улсыг дайран өнгөрөхөөс хэдхэн долоо хоногийн өмнө тус улсад эрчим хүчний дэд бүтэц хуучирч муудсаны улмаас цахилгааны тасалдал үүсээд байсан. Мөн тухайн үед Оскар хэмээх хар салхи тус улсын зүүн хойд эргийг дайран өнгөрсөн билээ. Тэгвэл дээд тал нь 185 км/цаг хурдтай салхилсан Рафаэль хар салхины улмаас Куба улс дахин орон даяараа харанхуй болоод байна. 

Лхагва гаригт тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тус улсын Артемиса болон Маяабек мужууд, мөн нийслэл Хавана хот хамгийн их гарз хохирол амсаад байгаа талаар Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канел мэдэгджээ. 

Хар салхины улмаас Куба улсад үерийн аюултай нөхцөл байдал үүсэж, хөрсний гулсалт болоод байгаа бөгөөд гамшгийн аюултай бүсээс доод тал нь 70 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Азаар хүний амь үрэгдээгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *