С.Наран: Өөрийгөө олж чадсан минь миний хамгийн том үнэт зүйл


Монголын урлагт төдийгүй олон улсад уран бүтээл, авьяас чадвараа гайхуулж, дэлхийд танигдаж яваа хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива С.Наран юм. Энэ удаа бид хүн болгоны дуулах дуртай “Welcome to my heart”, “Аавдаа үнсүүлэхийн жаргал” дууг дуулж, олноо танигдсан поп дива С.Наранг урьж ярилцлаа.

Тэрээр “Телевиз, сайтад ярилцлага өгч, шинэ дуунуудаа сошиалд тавих завгүй ажилладаг. Үүнээс болоод хүмүүс намайг уран бүтээлээсээ хөндийрсөн гэж ойлгоод байна. Үгүй ээ. Хамгийн завгүй хүн чинь би шүү дээ” гэх түүний яриаг хүргэж байна.

Сайн байна уу? Энэ их ажлын хажуугаар цаг гарган ярилцлага өгч байгаад баярлалаа. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ. Ямар шинэ дуу дуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Сайн байцгаана уу? Тоглолтын бэлтгэл нэлээн сайн явж байгаа. Ер нь хэцүү шүү дээ. Нэг дор маш олон дуу дуулна. Тэр дундаа цар хүрээ нэлээн өндөртэй дуунуудтай учраас хэцүү. Гэхдээ сонгосон мэргэжил минь учраас ард нь гарна. Үүнээсээ жинхэнэ таашаал авдаг. Тийм ч учраас аз жаргалтай байдаг. Энэ удаагийн тоглолтод өмнөх тоглолтуудад дуулж байгаагүй шинэ дуунууд дуулна. Олонх үзэгч миний “Welcome to my heart”, “Аавдаа үнсүүлэхийн жаргал”, “Нутгаа санахуй” гээд хэдхэн дууг мэддэг. Одоо болох тоглолтыг маань үзвэл Наран гэдэг дуучин ямар дуунууд дуулдаг, ямар дуу зохиосон бэ гэх жишээний олон зүйл сонсож, мэдрэх, харах боломжтой.

Таныг уран бүтээлээсээ нэлээд хөндийрсөн гэж хүмүүс ярих болсон. Ихэнхдээ гадаадад байгаад байна уу?

-Орчин үед хүмүүс сошиал медиагаар бүх зүйлийг хардаг болсон. Би сошиал медиад орох завгүй ажилладаг. Тийм болохоор намайг уран бүтээлээсээ холдсон гэж бодоод байх шиг байна. Үгүй ээ. Хамгийн завгүй хүн чинь би шүү дээ. Гадаадад маш олон газарт тоглосон. Өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд гэхэд Өвөрмонголын Хөх хот болон Шилийн хотод бие даасан тоглолтоо хийсэн. Мөн Хятад хэл дээр хэд хэдэн дуу гаргасан. Япон хэл дээр цомгоо бэлдээд, жаахан засвар хийж байна.

Таны дууны үг, ая их өвөрмөц. Ер нь шинэ уран бүтээл гаргахдаа дууны үг, аяыг хэр чухалчилдаг вэ. Дуундаа хэр өндөр шалгуур тавьдаг вэ?

-Хамгийн өндөр шалгуурыг тавьдаг. Маш их ажилладаг. Дуулах гэдэг бол нум сум харвахтай ижил зүйл. Нум нь ая, үг нь шүлэг, дуучин нь харваач байдаг. Иймээс энэ гурвын нийлэмж хамгийн зөв байх ёстой. Тэгж байж хүний зүрх сэтгэлд хүрнэ. Тийм учраас дууны үг, аян дээр зохиолчтойгоо хамт суудаг.

Дуу мөнх настай байх ёстой гэж ярьдаг. Орчин үед залуу дуучид хүний зохиосон дууг зөвшөөрөлгүй дуулах, маргалдах асуудал нэлээдгүй гарч байгаа. Ер нь дууг ганцхан дуучин дуулах ёстой юу, эсвэл залуу дуучид залгамжлан дуулах нь зөв юм уу?

-Дуу бүтээхэд маш их зардал гардаг. Миний дуунууд асар их зардлаар бүтдэг. Бүх хөгжимчин, найруулагчаа цалинжуулна. Студи, клип гээд маш их зардлын дараа дуу маань бүтдэг учраас хүүхэд төрүүлж байгаа мэт хайрлаж, нандигнадаг. Арай гэж бөөн зардал гаргаж, үзэгчдэдээ таниулаад, нэг газар очоод дуулах гэтэл миний өмнө гарсан хүн миний дууг дуулахад, би яг тэр дуугаа дуулах гээд араас нь тайзан дээр гарах нь хамгийн эвгүй байдаг. Тэгэхээр залуучууд нэг талдаа анхаарах хэрэгтэй. Хэдийгээр бүх зүйл чөлөөтэй юм шиг боловч энэ дууг дуулах эрхийг шүлэг, ая зохиогч, дуучнаас нь авах ёстой. Ингэж соёлтойгоор тэр дууг дуулаасай гэж хүсдэг. Ийм зөвшөөрөл авалгүйгээр хүний дууг дуулахдаа өөрийнхөө нэр хүндийг бас бодох хэрэгтэй. Хулгай хийж байгаатай яг адилхан зүйл шүү дээ. Үүнээс ухамсар, соёлын асуудал харагдана. Би бол хэзээ ч тэгж чадахгүй. Яг өөрөө зовж, өөрийнхөө мэдрэмжээр бүтээсэн дуу насан туршийнх байдаг.


Та хэдэн жилийн өмнө хог хаягдал дахин боловсруулах төсөл хэрэгжүүлж байсан. Уг төсөл хэр амжилттай болсон бэ. Одоо дахиад ийм нийгмийн ажилд оролцох уу?

-Миний сэтгэлийг хамгийн их зовоож, өвтгөдөг зүйл бол хог хаягдал. Энэ бол хүний ухамсрын түвшнийг асар их харуулдаг зүйл. Монгол Улс энэ тал дээр ямар түвшинд явж байгаа вэ гэхээр гудамж, цахилгаан шатанд хаясан хогноос эхэлнэ. Энэ бүхний ард юу байдаг вэ гэхээр ухамсар. Монголоо гэх сэтгэл тэр хүмүүст байхгүй байна гэсэн үг. Үүний эсрэг би маш олон жил тэмцэж байгаа хүн шүү дээ. Хог хаягдлаар юу хийж болох вэ? Хог хаягдлаар бид гэрээ тохижуулж болно. Үнэтэй, гайхамшигтай бүтээгдэхүүн хийж болно. Амьдарч байгаа орчноо гангалж болно. Энэ тал дээр би цаг гарвал байнга л ажилладаг. 2025 онд дараагийн төсөл дээрээ ажиллана.

Манай нийгэм ер нь их стресстэй. Таны харж байгаагаар бидний амьдарч байгаа нийгэм ямархуу байна вэ?

Нэлээн том асуулт байна. Нийгмийн бүтээгдэхүүнүүд бол бид өөрсдөө. Үр хүүхэд гэх зэргээр орчин тойрноо, нийгмээ бид өөрсдөө бүтээж байдаг. Миний хамгийн их шүүмжилдэг, бодож, эмзэглэж явдаг зүйл бол бид бие биедээ эерэг хандлага гаргаж чадахгүй байгаа явдал. Тийм болохоор хүн болгон “Муухай, бид муухай, монгол ядуу” гээд яриад байх тусам нөгөө энергийн давтамж чинь биднийг эргээд ууртай, ширүүн болгож байдаг. Амны билгээс ашдын билиг гэж. Та нар харж л байгаа биз дээ. Америкчууд зоомбий гэж ярьж, кино хийсээр байгаад нэлээн олон хот нь зоомбий болсон байгаа. Аливааг билигшээх, хайрлах, ухамсарлах тусам бид сайхан нийгэм бүтээж байдаг. Тиймээс бүгдээрээ өөр өөрсдийн байгаа орчинд эергээр нөлөөлж, бие биедээ ухамсар, хүмүүжил бэлэглэх хэрэгтэй. Иргэвэл Монгол бол хамгийн аз жаргалтай орон зайлшгүй мөн.

Та шүүмжлэлээс айдаг уу?

-Би буруу шүүмжлэлээс айдаг. Надад хамаагүй зүйлд намайг шүүмжилсэн байвал би хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийгөө асар сайн мэддэг учраас ямар шүүмжлэл надад ирэх ёстойг мэддэг. Миний мэдэхгүй, надад хамаагүй шүүмжлэл байвал би хүлээн зөвшөөрөхгүй.

-Хүн болгонд үнэт зүйл бий. Хайрлаж хамгаалдаг, түүний төлөө амьдардаг гээд л ярьдаг шүү дээ. Тэгвэл таны үнэт зүйл юу вэ?

Мэдээж намайг бүтээсэн аав, ээж. Ижий маань тэнгэрт байгаа. Хажууд минь байгаа аав бол миний хамгийн үнэтэй зүйл. Миний шүтээн. Эргэн тойрон зөв нүдээр, үнэнээр минь намайг харж, мэдэрдэг миний найз нөхөд, хөгжимчид, дуучид бүгд миний үнэт зүйл. Гэхдээ үнэт зүйл гэж юу вэ гэхээр, өөрийгөө олсон мэдрэмж бол хамгийн том зүйл. Тийм болохоор өөрийгөө алдахгүйгээр, өөрийгөө олж чадвал зовлон багасна л гэсэн үг.

Ажил, амьдралын тань ирээдүйн зорилго юу вэ?

Хамгийн нэгдүгээрт эрүүл байх. Эрүүл ухаантай хүн эрүүлээр сэтгэнэ. Би хангалттай ажиллаж, сайхан дуулж байна. Эрүүл л байвал би эргэн тойрныхоо хүнд эерэг хандлага түгээсээр байх болно. Нэг ч гэсэн хүн миний дасгалд яваад, зөв бодолтой болоод, ойлгоогүй зүйлээ ойлгоод гараасай гэж би боддог. Нэг хүний ард зуун хүн, зуун хүний ард мянган хүн. Ийм байдлаар бид Монголынхоо нийгмийг бүтээнэ. Энэ бол хамгийн том үйл. Тийм болохоор би нийгэмдээ зөвөөр нөлөөлөх зорилготой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *