Элэгний В,С вирустэй бол 10-20 жил, харин дельта вирусийн халдвартай тохиолдолд 5-10 жилийн дотор элэгний хорт хавдраар өвдөх магадлал өндөр гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолдог.
Монгол улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай, хүлээх жагсаалтад 1200 орчим иргэн байна. Харин Хавдар судлалын үндэсний төв одоогоор элэг шилжүүлэн суулгах 170 хагалгаа хийжээ.
Тэдний нэг нь Төв аймгийн Бүрэн сумын иргэн Ч.Мөнхөө. Түүний хавдар 75 хувьтай буюу хожуу шатандаа оношлогджээ. Тэр хагалгаанд орохгүй гэх бодолтой байсан ч ар гэрийнхээ шахалтаар орсон гэдэг. Түүний нагац дүү Ч.Ундрамжингоо донор нь болжээ. Ч.Ундрамжингоогийн хувьд донор болох үедээ бага насны хүүхэдтэй хөхүүл байсан ч тухайн үед бүх зүйл нь тохирч байсан тул нагац ахынхаа амь насыг аврах зоримог шийдвэр гаргажээ. Ч.Мөнхөөгийн гуравдугаар сард хагалгаандаа орсон. Харин одоо тэдний биеийн байдал сайн байгаа аж. Цаашлаад эмч нарын үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддаг байна. Улсын хэмжээнд хавдрын 40 орчим хувийг элэгний хорт хавдар эзэлдэг. Хавдар судлалын үндэсний төвөөс жилд элэгний хорт хавдраас шалтгаалж 500 орчим иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна.