Liam Payne-ий үхэлд холбоотой гурван хүнийг баривчилжээ


One Direction хамтлагийн гишүүн, дуучин Лиам Пэйний амиа алдсан хэрэг явдалтай холбогдуулан гурван хүнийг баривчлаад байгаа талаараа Аргентины эрх баригчид мэдэгджээ.

Лиам Пэйн өнгөрсөн сарын 16-ны өдөр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын нэгэн зочид буудлын 3 давхрын тагтнаас унаж, амиа алдсан.

Аргентин улсын Үндэсний эрүүгийн хэргийн прокурорын албаны зүгээс хийсэн мэдэгдэлд дуучинд хар тамхи, мансууруулах бодис нийлүүлж, түүнийг тагтнаас унасны дараа тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх хэрэгт буруутган нэг хүнийг баривчилсан байна. Мөн тухайн зочид буудлын нэг ажилтан болон одоогоор хэн гэдгийг нь зарлаагүй гурав дахь этгээдийг дуучныг мансууруулах бодисоор хангасан хэрэгт буруутган баривчлаад байгаа ба тэдний нэрсийг зарлаагүй байна.

31 насандаа хорвоог орхисон Лиам Пэйний КасаСур зочид буудлын тагтнаас унаж амиа алдсан хэргийг Аргентин улсын эрх баригчид мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүний буудалласан өрөөнөөс цагдаа нар мансууруулах бодис олсноос гадна өрөөний эд хогшил, тавилга эвдэрсэн байсан ажээ.

Пүрэв гаригт мөн прокурорын албанаас дуучны цусанд хийсэн шинжилгээний хариугаар цусанд нь алкоголь, кокаин болон мөн эмчийн жороор олгодог антидерессант эм бэлдмэл олдсоныг мэдээлсэн байна. Харин түүний үхлийн шалтгааныг өндрөөс унасантай холбоотойгоор “тархины гадна болон дотоод гэмтлээс үүдэлтэй цус алдалт” хэмээн тогтоожээ. Түүнчлэн Лиам Пэйнийг хагас, эсвэл бүрэн ухаангүй байх үедээ тагтнаас унасан байж болзошгүй гэж үзэж байгаагаа прокурорын албанаас мэдэгджээ.

Дуучны үхэлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах хүрээнд 9 айлд нэгжлэг хийж, дуучны эвдэрхий нөүтбүүкийг шалгаж, тухайн зочид буудал болон ойролцоох замын хяналтын камеруудын 800 гаруй цагийн бичлэгийг шалгаж, зочид буудлын олон арван ажилтнууд болон бусад холбогдох хүмүүсээс мэдүүлэг аваад байгаа юм.

Лиам Пэйний цогцсыг лхагва гаригт ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр гаргаж, Их Британи руу агаараар илгээсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *