Сүхбаатар аймгийн 3600 хэрэглэгч дулаан, халуун усгүй зутарч байна


Сүхбаатар аймгийн төв буюу Баруун-Урт сумын төвийн 3600 хэрэглэгч буюу орон сууцны айлууд, албан байгууллагуудын ажилтнууд халуун усгүй, дулаангүй хүйтэн байранд зутарч байна. Тус сумын орон сууц, аж ахуйн нэгжүүдийн 3600 орчим хэрэглэгчийг “Дөрвөлж” компани халуун ус, дулаанаар хангадаг аж.

Тус станцад их засвар хийх шаардлагатай болж, 2023 оноос яригдаж эхэлсэн ч энэ оны зургаадугаар сард тендер зарлаж, наймдугаар сарын 15-нд гүйцэтгэгч компанийг шалгаруулжээ. Ингээд тус станцын 1-р зуухыг бүрэн зогсоож, их засварт оруулсан аж. Их засвар 3 сар орчим үргэлжилж, өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 10-ны орой дуусжээ. Одоо хатаах ажил үлдсэн гэнэ. Энэ сарын 15 гэхэд хатаалга хийснээр засвар бүрэн дуусаж, дулааны станц хэвийн ажиллан, хэрэглэгчдийг дулаан, халуун усаар хангана гэж “Дөрвөлж” компанийн дулааны инженер Ч.Болдбаатар ярилаа.  

Энэ станцын зуухнуудыг нүүрсний уурхайн дээд хэсгийн илчлэг багатай нүүрсэнд тохируулж суурилуулжээ. Уурхайн нүүрсийг олборлосоор уурхайн гүнээс илчлэг өндөртэй нүүрс гарч ирэх тусам зуух доголдох болсон байна. Мөн 5 жил тутамд хийх ёстой засварыг уг станцад хугацаанд нь бүрэн хийгээгүй аж. Энэ бүхнээс болоод, тус станц доголджээ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш нийт 39 удаа гэмтэл гарч, зогсжээ.

1-р зуухыг засаж дуусаагүй байтал хэд хоногийн өмнө 2-р зууханд жижиг гэмтэл гарсан байна. Үүнийг тус станцын ажилтнууд өөрсдөө засжээ. Үүний уршгаар өнөөдрийн байдлаар энэ станцын бүх зуух нь бүгд зогсжээ.

Дээрх 3600 хэрэглэгчээс бусад хэрэглэгч нэмэлт гурван уурын  зуухнаас дулаанаа хэвийн авч байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *