Америкийн хип хоп хөгжмийн домог болсон алдарт Wu-Tang Clan хамтлагтай хамтарсан Nike Dunk загварын пүүз өнгөрсөн бямба гаригаас эхлэн худалдаанд гараад байна.
Өмнө нь хязгаардмал цөөн тоогоор гарч, улмаар пүүз сонирхогч, цуглуулагчдын хувьд олддоггүй ховор эрдэнэ мэт байсан тус загварыг ийнхүү анх гарч байснаас нь 25 жилийн дараагаар олон нийтэд зориулан худалдаанд гаргахаар болжээ.
Анхны загвартайгаа яг ижилхэн, өндөр чанарын цэвэр арьсаар хийсэн, хамтлагийн нэрний W үсэг бүхий лого-г пүүзний хэл болон шагайн хэсэг байрлуулсан, хар шар өнгөний хослол бүхий уг пүүзийг “хип хоп хөгжмийн түүхэнд оруулсан тус хамтлагийн хувь нэмрийг үнэлэхийн хамтаар мөн Nike Dunk пүүзэнд хүндэтгэл үзүүлж бүтээсэн” гэжээ.
Уг пүүзний сурталчилгаанд New York Knicks багийн Жэйлен Брансон, Жош Харт зэрэг сагсчид оролцсон байна.
Хэдийгээр уг пүүз 150 ам.долларын үнэтэйгээр Wu-Tang Clan хамтлагийн вебсайтаар худалдаанд гарна гэж байсан ч цуцлагдаж, Nike SNKRS аппликейшн дээр борлуулагдаж эхлээд байна. Мөн StockX худалдааны вебсайт дээр дунджаар 330 ам.долларын үнэтэйгээр дамлагдан зарагдаж байна.