Домогт Майк Тайсон, Youtube-ийн од Жейк Пол нарын боксын тулаан энэ долоо хоногт болно


Америкийн домогт боксчин Майк Тайсон, Youtube-ийн од, мэргэжлийн боксчин Жейк Пол нарын тулаан энэ долоо хоногт АНУ-ын Техас мужийн Арлингтон хотын AT&T цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

Тулаан орон нутгийн цагаар баасан гаригийн үдэш явагдах бөгөөд тулааны спорт сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа уг тулааныг Netflix платформ дэлхий даяар шууд дамжуулах юм.

Энэхүү тулааны талаар анх 2023 оны 11 сард цухас мэдээлж байсан бол Жейк Пол, Майк Тайсон нарын тулааныг Netflix болон Most Valuable Promotions компаниуд хамтран зохион байгуулахаар болсныг энэ оны 3 сарын 7-нд зарлаж байсан. Улмаар тулааны товыг 7 сарын 20 гэж тогтсон байсан ч Майк Тайсоны ходоодны шархлааны улмаас хойшлуулж ийнхүү 11 сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.

Тулаан 2 минутын урттай 8 үеийн зарчмаар явагдах бөгөөд 14 унц буюу 400 гр бээлийтэй тулалдана. Майк Тайсон, Жейк Пол нарын насны зөрүү нь мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн том насны зөрүү болж байна.

Үдшийн хамгийн гол үйл явдал болох Майк Тайсон, Жейк Пол нарын тулааны өмнө 6 тулаан явагдахаас хоёр нь мэргэжлийн боксын аваргын бүсний төлөө тулаан байх юм. Кэйти Тэйлор, Аманда Серрано нар хөнгөн жингийн аваргын бүсний төлөө, Марио Барриос, Абель Рамос нар хагас дунд жингийн аваргын бүсний төлөө тулалдах болно.

Майк Тайсон, Жейк Пол нарын тулааны өмнөх сурталчилгаа болгож Netflix-ийн зүгээс “Countdown: Paul vs. Tyson” хэмээх контентын хоёр дугаарыг энэ сарын 7-ны өдөр гаргасан бол өнөөдөр сүүлийн гурав дахь дугаарыг цацаад байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *