Д.Трамп Элизе Стефаникийг НҮБ-д суух Элчин сайдаар, Том Хоманыг Цагаачлал, хилийн хууль сахиулах албаны даргаар сонгов


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампын ээлжит томилгоонууд тодорхой болоод байгаа талаар барууны хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрээр өдгөө 62 настай Том Хоманыг АНУ-ын Цагаачлал, хилийн хууль сахиулах албаны даргаар сонгон томилохоор болсон бол Конгрессын сонгуульд Нью-Йорк мужаас сонгогдсон, өдгөө 40 настай Элизе Стефаникийг АНУ-аас НҮБ-ын дэргэд суух Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр сонгосон байна. 

Д.Трампын засаг захиргааны бүтэц бүрэлдэхүүнд багтан орж ажиллах магадлалтай хүмүүсийн тоонд тэрбумтан Элон Маск, улс төрч “бага” Роберт Кеннеди нар багтаж байгаагаас гадна Флорида мужийн сенатч Рик Скоттыг шинээр бүрэлдэх Сенатад олонхийн тэргүүн болох магадлалтай гэж үзэж байна.

Д.Трамп 4000 орчим улс төрийн томилгоог шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа бөгөөд эхний бүрэн эрхийн хугацаандаа зөвхөн засгийн газрын кабинетаа бүрдүүлэх гэж олон сарыг зарцуулж байсан бол энэ удаад өмнөх алдаагаа давталгүй бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэхээр харагдаж байна.

Мэдээж түүний зарим томилгоог Сенат батлах ёстой байдаг ч энэ удаагийн Конгрессын сонгуульд Бүгд найрамдах нам томоохон ялалт байгуулж, Сенатад олонх болж бүрэн хяналтаа тогтоох нь үндсэндээ тодорхой болчихоод байгаа тул Трампын томилгоонууд асуудалгүй шийдэгдэхээр харагдаж байгаа юм.

Харин доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд аливаа нам 218 суудал авах ёстой ба одоогийн байдлаар Бүгд найрамдах нам 215 суудал авчихаад байгаа бол Ардчилсан нам 210 суудал аваад байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *