Ирэх жил дэлгэцнээ гарах “Биелэгдэшгүй даалгавар” киноны 8 дугаар ангийн трейлер даваа гаригт цацагдаад байна.
Энэхүү трейлерт өмнөх ангиуд болон шинэ ангид гарах үйл явдлын хэсгүүдээс багтаасан байна.
Түүнчлэн “Биелэгдэшгүй даалгавар” франчайзын шинэ ангийн нэрийг өөрчилж, “Mission: Impossible — The Final Reckoning” хэмээн нэрлэсэн талаар гол дүрийн жүжигчин Том Круиз болон Парамаунт кино компанийн зүгээс даваа гаригт тус тусын инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Өмнө нь мэдээлж байсан төлөвлөгөө ёсоор энэхүү 8 дугаар анги “Mission Impossible – Dead Reckoning Part Two” буюу өнгөрсөн жил гарсан “Mission Impossible – Dead Reckoning Part One” хэмээх 7 дугаар ангийн үргэлжлэл гэсэн утгаар нэрлэгдэж байсан юм.
“Биелэгдэшгүй даалгавар” цувралын шинэ ангийн найруулагчаар Кристофер Майккуэрри дахин ажиллаж байгаа бол мөн өмнөх ангиудад тоглосон жүжигчин Хенри Черни, Хэйли Атвелл, Винг Реймс, Саймон Пегг, Пом Клементифф, Ванесса Кирби, Эсай Моралес, Анжела Бассетт нар тоглож байна.
Том Круизын гол дүрд нь тоглосон тагнуулч Итан Хантын тухай уг цуврал кино 1996 оноос эхэлж байсан түүхтэй. Харин цувралын 8 дугаар ангийг хамгийн сүүлчийн анги болж магадгүй гэсэн мэдээлэл мөн цацагдаад байгаа ч үүнийг кинотеатрын үзэгчдийг татаж, орлогоо нэмэгдүүлэх арга гэж тайлбарлах салбарын хүмүүс ч байгаа юм.
Одоогийн байдлаар төсөв зардал нь 400 сая ам.долларыг даваад байгаа “Биелэгдэшгүй даалгавар” киноны шинэ анги ирэх 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр кинотеатруудын дэлгэцнээ гарахаар товлогджээ.