Монголын сагсан бөмбөгийн холбооны 2024 оны шинэ улирлын Дээд лиг хэсэг хугацаанд завсарлаад байгаа билээ. Учир нь шигшээ баг энэ сард хоёр чухал тоглолт хийх хуваарьтай байгаа юм. Дээд лиг завсарласан энэ өдрүүдэд зарим багуудад багагүй өөрчлөлт ороод байна. Дасгалжуулагчид солигдож, зарим импорт тоглогчид нутаг буцсан.
BCH Knights баг шинэ дасгалжуулагчдаа хүлээн авлаа
Олон жил “Гарьд” нэрээр үзэгч, фэнүүдээ баярлуулж явсан баг энэ жил нэрээ өөрчлөн “BCH Knights” болсон. Тэд улирлын эхэнд 5 хожил, 3 хожигдолтойгоор Дээд лигийн амжилтын хүснэгтийн гуравт эрэмбэтэй байна. Тэгвэл тус баг ахлах дасгалжуулагчаараа NBA болон NCAA-н 1-р дивизонд туслах дасгалжуулагч, видео аналист, Филиппин, Индонез болон Вьетнам улсуудын мэргэжлийн лигт ахлах дасгалжуулагчаар, Вьетнам улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар амжилттай ажилласан зузаан намтартай, туршлагатай дасгалжуулагч John “Todd” Purves-г сонгож, томилоод байна.
Харин туслах дасгалжуулагчаар Серби улсын мэргэжилтэн Petar Šešlija ажиллахаар болжээ. Түүний хувьд 2013 оноос эхлэн Серби, Грек болон Унгар улсуудын өсвөрийн шигшээ багууд болон мэргэжлийн лигүүдэд ахлах болон туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан төдийгүй сагсан бөмбөгийн спортын шинжлэх ухааны өгүүллүүд хэвлүүлсэн судлаач мэргэжилтэн аж.
Бишрэлт Металлын ахлах дасгалжуулагч үүрэгт ажлаа өгөв
Өнгөрсөн жил өнгөтэй байж, Дээд лигийн дэд аварга болсон Бишрэлт металл энэ жил тааруу тоглож байгаа. Тэд нийт долоон тоглолт хийснээс хоёр хожил, таван хожигдолтой хүснэгтийн долоодугаар байрт буюу баян ходоодын урд заларч буй.
Тэгвэл энэ үзүүлэлтээс болж ахлах дасгалжуулагч Б.Ганхөлөг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгөхөөр болсноо зарлав. Тэрээр олон нийтийн сүлжээнд “Багийн амжилт муу байгаа тул Бишрэлт Металл багийн дасгалжуулагчийн ажлаа өнөөдрөөс өгч байгааг мэдэгдэж байна” хэмээн оруулсан. Түүний оронд хэн ахлах дасгалжуулагчийн албанд очих нь одоогоор мэдэгдэхгүй байна.