Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр төрөлт буурч, нас баралт ихэссэн гэх мэдээ гарсан. Тус мэдээ рүү өнгийгөөд харвал манай улсын төрөлт сүүлийн нэг жилд огцом буурсан нь харагдав. Монголын үрс маш олон болог гэдэг дээ, уг нь.
Төрөлт буурсан статистик үзүүлэлт
2021 онд 54.896
2022 онд 48.084,
2023 онд 49.033
2024 онд 43.428 болжээ.
Төрөлт яагаад буурах болов?
/No dating, no sex, no marriage, no child-rearing/ Болзохгүй, секс хийхгүй, гэрлэхгүй, хүүхэд төрүүлэхгүй
100 жилийн өмнө 1920 онд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 5.1 байсан бол 2023 онд 2.3 болжээ. Энэ үзүүлэлтээс төрөлтийн хэмжээ хэрхэн буурсныг харж болно. Яагаад ийм юм болов.
Төрөлт буурч байгаа нь дан ганц манай улсад төдийгүй бусад улсын хувьд анхаарах шаардлагатай, Дэлхийн нийтийн асуудал болоод байгаа юм. Япон, Солонгос, Испани, Герман улсад төрөлт багасаж, тус улсуудын хүн амын тоонд өөрчлөлт ороод байна.
Төрөлт буурч байгаа шалтгаануудыг дурдвал олон зүйл хэлж болохоор байна. Хүүхэд төрүүлж, өсгөхөд цалин хөлс, амьжиргааны өртөг, орон сууцны үнэ, эмнэлгийн хүртээмж, сургууль, цэцэрлэг гээд анхны хэрэгцээ, шаардлагууд тулгардаг. Тэгвэл нөгөө талд хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд дор хаяж хоёр жилээр ажил, мэргэжлийн талбар дээр нийгэмд эзлэх байр сууриа алдаж, эдийн засгийн хараат байдалд ордог. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйг ажилгүй, гэрт суудаг, орлогогүй гэх зэргээр доош нь хийх хандлага нь нийгэмд байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэхээс татгалзахад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг юм.
Сүүлийн үед эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс илүүтэй хөдөлмөрийн зах зээл дээр ажил, мэргэжил, карьераа эхэнд тавьж, боловсрол эзэмшиж, амжилтад хүрэхийг зорьдог болжээ. Ялангуяа удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүд нэг эсвэл огт хүүхэдгүй байх нь Япон, Солонгос зэрэг улсад түгээмэл болсон аж. Ингээд 4No буюу /No dating, no sex, no marriage, no child-rearing/ Болзохгүй, секс хийхгүй, гэрлэхгүй, хүүхэд төрүүлэхгүй гэх уриа ч гараад байна.
Төрөлтийн түвшин хамгийн бага 20 улс
Хөгширч буй хүн төрөлхтөн
Төрөлт буурснаар урт хугацаандаа хүн амын бүтцэд өөрчлөлт орохоос гадна ажиллах хүчний хомсдолоос эхлээд, эдийн засаг болон нийгэмд олон асуудал үүсэхийг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна. Одоо байгаа ид залуу үеийнхэн хөгшрөх цагт ажиллах хүчний хомсдолд орох юм. Харин тэр үед өндөр настнуудын тоо нэмэгдэж, тэднийг хэн, ямар мөнгөөр халамжлах вэ гэдэг асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл: Тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн халамжид хамрагдах иргэдийн тоо хөдөлмөрийн чадавхтай, ажил хийж, татвар төлөх иргэдийн тооноос давна гэсэн үг. Ингэснээр эдийн засагт хүндрэл учирна.
Ахмад настнуудад тэтгэвэр, тэтгэмж өгч, тэжээхийн тулд ажиллах хүчин одоогийнхоос хоёр дахин их ачааг нуруун дээрээ үүрэх, давхар ажил хийх шаардлага гарна гэдгийг онцолж байгаа юм.
Угтаа хүн амын өсөлтийг хангахын тулд эмэгтэйчүүд дунджаар 2 хүүхэдтэй байх ёстой гэнэ. Гэтэл эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь цөөрч байгаа нь хүн амын төрөлтийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай болсныг харуулж байна.
Улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ?
Төрөлтийн түвшин хамгийн бага орон бол Өмнөд Солонгос. Тус улсад 2022 онд төрөлтийн түвшин 0.78 байсан бол 2023 онд дахин буурч, 0.72 болжээ. Хэрэв уг үзүүлэлт сайжрахгүй бол 2100 он гэхэд Солонгос улсын хүн ам хоёр дахин багасах аж. Тиймээс БНСУ-ын Засгийн газар 2022 оноос эхлэн, хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд нэг удаадаа 2 сая воны (4.9 сая төгрөг) мөнгөн тусламж үзүүлж, хүүхдийг нь нэг нас хүртэл сар бүр 700 мянган вон (1.7 сая төгрөг), хоёр нас хүртэл сар бүр 350 мянган воноор (861 мянган төгрөг) дэмждэг болсон. Харин Япон улс хоёр нас хүртэл сар бүр 15 мянган иений (327 мянган төгрөг), гурван наснаас хойш сар бүр 10 мянган иен (218 мянган төгрөг) өгөх бодлого хэрэгжүүлж буй.
Ийн улс орнууд харилцан адилгүй арга хэмжээ авч буй. Тэгвэл Монгол Улс ямар арга хэмжээ авч байна вэ? Энгэрт нь “Эхийн алдар” гэх одон зүүж, жилд ганц удаа 100 мянган төгрөг өгөхөөс өөр бодит дэмжлэг байхгүй. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нэг удаа авч, хүүхдээ гурван нас хүртэл 50.000 төгрөг авдаг. Харин цар тахлын үеэр хүүхдийн мөнгийг нэмж, 100 мянга болгосон. Ингээд хүүхэд төрүүлсэн эх хүн сард 150.000 төгрөгөөр амьдарч байна.
Цаашлаад нийгэм нь хүүхдэд ээлгүй, өвдсөн үед эмнэлгийн ор олдохгүй. Одоо бүр ор байтугай шал ч олдохоо байв. Сургууль, цэцэрлэгтээ 30, 40-үүлээ чихэлдэж, сурч боловсрох эрх нь зөрчигдөн, хохирч байна. Утаа, угаар дундаа өөрөө хордоод дуусъя, хүүхдээ хордуулахгүй гэдэг боллоо. Монгол хүний өнөөдрийн бодит байдал ийм харанхуй, аймшигтай байхад хүүхэд төрүүлэх хүн ховордох нь аргагүй биз ээ.