Цэцэрлэг нь нурсны улмаас 150 гаруй хүүхэд цэцэрлэггүй болоод байна


Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд байрлах 286-р цэцэрлэгийн барилгад үүссэн цууралт, ан цавыг засахаар буулгалтын ажил эхэлсэн. Гэвч ажил урагшлахгүй, гацсан нөхцөл байдалтай байна. Улмаар хоёр сар гаруйн хугацаанд 150 гаруй хүүхэд сурч, боловсрох эрхээ хасуулж, цэцэрлэгтээ явах боломжгүй нөхцөлд байгаа юм.

Тухайлбал, 4 настай Ц.Ариунсэтгэл охин 3 настай дүүгийнхээ хамт 286-р цэцэрлэгт сурдаг байсан ч одоо ээжтэйгээ хамт бүхэл өдрийн турш хүргэлтийн ажил хийж, өдрийг өнгөрөөх болжээ. Хүүхдүүд яагаад ийм байдалд хүрснийг эргэн сануулбал, 286-р цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн 1 тэрбум 700 сая төгрөгөөр “Билл хаус” компани барьсан. Гэвч ашиглалтад ороод жил ч хүрэлгүй цэцэрлэгийн барилга цуурч, ан цав үүсэж, эрсдэлтэй болсон.

Улмаар цэцэрлэгийн зүгээс бүтэн 6 сарын турш шаардлага тавьсны үндсэн дээр холбогдох газрууд анхааралдаа авч, барилгыг буулгаж засахаар болсон байдаг.

150 гаруй хүүхдийн сурч боловсрох эрхээс гадна ажилтнуудын эрх ашиг ч  мөн хөндөгдөж байна. Тус цэцэрлэгийг нуралт үүссэнээс хойш 70 ажилтны 18-нь ажлаа хүлээлгэн өгчээ.  Цаашид энэхүү цууралт өгч нурах хэмжээнд хүрсэн 286-р цэцэрлэгийн барилгыг хэрхэх талаар хариуцах албан тушаалтнууд тодорхой хариултыг өгч чадахгүй байгаад эцэг эхчүүд бухимдаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *