Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өнөөдөр хуралдан, Төв аймгийн Батсүмбэр сумын засаг дарга Д.Ганболд, болон Ч.Батаа, Б.Дэшигсүрэн, Г.Мөнгөнхазаар нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ч.Батаа, Б.Дэшигсүрэнгийн өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүгдэгч Д.Ганболд, Г.Мөнгөнхазаарын өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.Ганболд нарын 4 хүн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн…”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2“Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол…”, тус хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 “Өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон…” зэрэг гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:
- шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
- хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
- эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.