ЭМДЕГ-аас тооны хязгаар тавьсан учраас хүүхэд бүхэнд өдрийн эмчилгээ хийх ямар ч боломжгүй


Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өрхийн эмнэлэгт өдрөөр хийх эмчилгээний жагсаалтад хүүхдийн томуу, томуу төст өвчин, суулгалтыг нэмсэн. Энэ журам 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлжээ. Томуу, томуу төст өвчний өдрийн эмчилгээг өрхийн эмнэлэг хэрхэн хийж байгааг сурвалжлахаар өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 хорооны “Энэр-Ази” өрхийн эрүүл төвд очлоо. Тус эмнэлэгт хүүхдээ дагуулсан аав ээжүүд, ахмад настнууд, байнга уудаг эмээ даатгалаар бичүүлэхээр ирсэн ахмадууд оочирлов байв.

Өрхийн эмч нар хүүхдийг үзэж, өвчний байдлыг нь үнэлээд, тухайн хүүхдэд илэрч байгаа шинж тэмдэгт үндэслэж, ямар эмчилгээ хийхээ хэлж, эцэг эхчүүдэд нэг бүрчлэн зөвлөгөө өгөөд гаргаж байлаа.

“Энэр-Ази” өрхийн эрүүл төвийн статистикч Б.Болормаагаас тодрууллаа.

———————————————-

-Өдрийн эмчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүд хэр байна вэ?

-Одоогоор манай хороонд томуугийн дэглэлт эрс нэмэгдээгүй. Үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хөнгөн ханиалгаж, хоолой нь өвдсөн байна. Ханиад, томуу хөнгөн хүрсэн, хоолой өвдсөн хүүхдүүдэд уулгах эм өдрийн эмчилгээнд хамаарахгүй.

Өдрийн эмчилгээ хийх хүүхдийн тоонд ЭМДЕГ хязгаар тогтоосон учраас хүүхэд бүхнийг хамруулах ямар ч боломжгүй.

-Даатгалаас хязгаар тогтоосон гэж байна. Сард хэдэн хүүхэд хамруулах боломжтой вэ?

Манай эмнэлэгт жилд 250 хүн өдрийн эмчилгээнд хамрагдана. Гэтэл манай хороо 10 мянган хүнтэй. Хүүхэд гэхэд 1000  гаруй байгаа. Өвчилсөн хүүхэд бүхэнд 60 мянган төгрөгийн эм өгөх ямар ч боломжгүй. Манайх 0-5 сартай хүүхдийг үзээд, бүртгэдэг. 7 хоногийн дараа давтан үзэж байгаа учраас томуугийн дэглэлт гайгүй байна.

-ЭМДГ-аас өдрийн эмчилгээний өртөг 80 мянга байдаг гэсэн мэдээлэл өгсөн. Хүүхдийн эмчилгээний өртөг нь хэд вэ?

-Хүйтрээд, томуугийн дэглэлт эхлэхээр шаардлагатай хүүхдүүдэд өдрийн эмчилгээ хийдэг. Өдрийн эмчилгээг 2018 оноос хойш хийж байгаа. Хүүхэд 60 мянган төгрөгийн эм олгох эмчилгээ өдрийн эмчилгээний жагсаалтад өнгөрсөн хавар нэмэгдсэн.  

Өнөөдөр байдлаар өдрийн эмчилгээнд хамрагдах заалттай хүүхэд алга. Том хүний өдрийн эмчилгээний өртөг 2023 онд 80 мянган төгрөг байсан. Энэ онд нэмэгдээд, 120 мянга, хүүхэд эмчлэх өртөг 60 мянга болсон.

-Өдрийн эмчилгээ хэд хоног хийгдэх ёстой вэ. Эмчилгээ хийсэн хугацаанд сайжрахгүй бол яах?

Өдрийн эмчилгээг заавал зорилтот бүлгийн хүүхдийг хамруулна, энэ хүүхдийн эцэг эх нь өөрөө эм авах боломжтой гэх мэтээр нугалаа гаргадаггүй. Хамрагдах ёстой хүүхдүүдийг хамруулна. Эмч үзлэг хийгээд, эмчилгээ төлөвлөж, өвчтөний түүх бичдэг. Үүний дараа шаардлагатай шинжилгээ авч, эмчилгээгээ эхлүүлдэг. Том хүмүүст ч адилхан. Яаралтай хэвтүүлэх шаардлагатай өвчтөнийг дүүргийн эмнэлэг рүү шилжүүлдэг.

Өдрийн эмчилгээг 5 хоногийн хугацаатай хийдэг. Тухайн хүний биеийн байдалд тааруулж, эмчилгээ хийдэг.

ЭЭЖ НАР ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА

Харин хүүхдээ эмнэлэгт үзүүлж байгаа ээж нар өдрийн эмчилгээний талаар олигтой мэдээлэлгүй байв.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Цэвэлсүрэн:

-Өдрийн эмчилгээний талаар мэдэж байгаа. Гэхдээ энэ эмчилгээнд хамрагдаж байгаагүй. Манай хүүхдийн хоолой өвдөж, халуурсан. Эмчдээ үзүүлж, эмчилгээ бичүүллээ. Эмч 5 хоногийн эмчилгээ бичсэн. Халуун бууруулах эм, хоолойны эм, Д витамин бичиж өгсөн. Ханиалгахгүй байгаа. Хүүхдийн хоолой барьдаг, вирусийн гаралтай томуу гарч байгаа гэж байна. Эмч хүүхдийнхээ дархлааг сайн анхаарч, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөсөн.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Т. Батсүх:

-Би өдрийн эмчилгээнд хамрагдаж байна. Жилдээ нэг удаа хийгээд байгаа шүү. Өдрийн эмчилгээг жилд нэг удаа хийдэг юм шиг байна лээ. Өрхийн эмчид үзүүлж, онош тавиулаад, шээс, цусны шинжилгээ өгч, зүрхний бичлэг хийлгэдэг. Бусад шаардлагатай шинжилгээгээ өгөөд, өвчний түүхээ нээлгэн, эмчилгээндээ хамрагддаг. Өдрийн эмчилгээг 5-7 хоногийн хугацаатай хийдэг. Ерөнхийдөө шинжилгээний дагуу шаардлагатай эмчилгээг хийдэг. Эмчилгээ маш сайн хийдэг, их үр дүнтэй санагдаж байгаа. Өглөө ирж, эмчийн бичиж өгсөн эм, тариаг авч, тариагаа сувилагчаар хийлгэдэг. Гэрээр уух эмээ аваад явдаг. Ихэвчлэн дусал тариа, физик эмчилгээ хийдэг. Өдрийн эмчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг болохоор амар санагдсан.

Сүхбаатар дүүргийн 10 хорооны иргэн Н.Амарзаяа:

-Хүйтэрч байгаа учраас вирусийн гаралтай ханиад, томуу нэмэгдэх байх. Хүүхдээ эмчид үзүүлээд, эмчилгээ бичүүлж авлаа. “Хоолой нь өвдсөн байна” гээд хоолойны цацлага, вирусийн эсрэг эм, халууны эм бичиж өгсөн. Энэ эмүүдийг 5 хоног ууна. Надад өдрийн эмчилгээний талаар ямар ч мэдээлэл байхгүй. Манай өрхийн эмнэлгээс өдрийн эмчилгээний талаар мэдээлэл өгөөгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *