Хятадад олон арван хүнийг машинаар дайрч хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ


Өнгөрсөн даваа гаригийн үдэш Хятадын өмнөд хэсгийн Жухай хотын цэнгэлдэх хүрээлэнд дасгал хийж байсан олон арван хүнийг автомашинаар дайрч хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байна. 

Тус хотын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр уг аймшигтай, хэрцгий халдлагын улмаас 35 хүн амь үрэгдээд байгаа бөгөөд энэхүү хэрэг Хятад улсад сүүлийн хэдэн арван жилийн хугацаад гараагүй олон нийтийн эсрэг үйлдэгдсэн харгис хэргээр нэрлэгдэж байна.

Мөн халдлагын улмаас 45 хүн бэртэж гэмтсэний дотор бага насны хүүхдүүд, ахмадууд багтаж байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Хятадын эрх баригчдын зүгээс амиа алдсан хүмүүсийн нэрсийг нууцалж байгаа ч мягмар гаригаас эхлэн хэрэг гарсан цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хохирогчдын гэр бүл, найз нөхөд нь цэцэг, дурсгалын зүйлсийг тавьж, лаа асаан, хүндэтгэл үзүүлж эхэлжээ.

Цагдаагийн газраас уг халдлагыг Фан хэмээх 62 настай эрэгтэй үйлдсэн бөгөөд гэр бүлийн салалтаас үүдэлтэй эд хөрөнгө хуваах асуудлаас болж сэтгэл санааны хүнд байдалд орсны улмаас уг халдлагыг үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдээлжээ.

Гэмт этгээдийг цэнгэлдэх хүрээлэнгээс зугтахыг оролдох үед нь зогсоож баривчилсан ч тэрээр амиа егүүтгэхийг оролдож, одоогийн байдлаар тус хотын эмнэлэгийн сэхээн амьдрах тасагт ухаангүй байгаа талаар цагдаагийн мэдэгдэлд дурьджээ.

Хятад улс иймэрхүү хэрэг явдлыг аль болох нууцлаж, дарах бодлогыг баримталдаг бөгөөд халдлагыг харуулсан гар утасны бичлэгүүдийг мягмар гаригаас эхлэн дотоодын сошиал платформуудаас устгаж, цэвэрлэх ажлыг эхлүүлсэн байна. Мөн хэргийн газарт мэдээ сурвалжлага бэлтгэж байсан BBC агентлагийн сурвалжлагчийн утсыг авах гэж оролдон, бичлэгээ унтраахыг шаардсан талаар тус агентлаг мэдээлжээ.

Олон нийтийн эсрэг үйлдэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн тоо хэмжээ сүүлийн саруудад Хятадад огцом өсөж байна. Энэ оны 2 дугаар сард Шандунь мужид 21 хүнийг хүнийг буудаж, мөн хутгалан хороосон хэрэг гарсныг эрх баригчдын зүгээс дарж байсан. Өнгөрсөн 9 дүгээр сард Шанхай хотын нэгэн супермаркетад хутгатай этгээд хүмүүс рүү дайрч, 3 хүний аминд хүрсэн, өөр нэгэн хүн 10 настай Япон сурагчийг хутгалж хөнөөсөн бол 10 сард нийслэл Бээжин хотын сургуульд мөн л хутгатай этгээд халдлага хийж, 5 хүн шархадсан хэрэг гараад байгаа.

Даваа гаригийн халдлагын дараагаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин халдлагыг үйлдсэн этгээдэд зохих ёсны хатуу шийтгэлийг нь ногдуулж, бэртэж гэмтсэн хүмүүст шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ гэдгээ амласан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *