Монголд хөгжлийн бэрхшээлтэй 12.700 гаруй хүүхэд бий. Үүний 1500 нь сонсголын бэрхшээлтэй. Гэтэл нэг айлд ийм бэрхшээлтэй 3 хүүхэд байна. Тэдний ээж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ч.Нарантуяатай ярилцлаа.
Тэр 4 хүүхэдтэй ч 3 нь энэ орчлонгийн дуу чимээг байгаагаар нь сонсож чаддаггүй. Гэтэл Монгол Улс тэднийг нь хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэггүй. Эрүүл хүний тоонд орчихсон хүүхдүүдээ халамжлахын тулд Ч.Нарантуяа ажлаасаа гарч, 29 дүгээр сургууль-гэр гэсэн ганцхан жимээр өдөр бүр алхаж явна. Тэр эрүүл боловч хүүхдүүдийнхээ төлөө нийгмээс тусгаарлагдан, найз нөхөдгүй, хамт олонгүй, орлогогүйгээр хорвоогийн бор хоногийг барж явна. Монголын төр түүний энгэр дээр “Алдарт эх II” одон зүүхдээ хүүхдүүдэд нь тэгш эрх эдлүүлэхээ мартчихжээ.
–Юм сонсдоггүй хүн ярьдаггүй юм байна лээ. Ярьж чаддаг хүн сонсголгүй болбол сонсох, ярих гэсэн хоёр чадвараа алдан, хэлгүй, дүлий гэсэн хөгжлийн 2 бэрхшээлтэй болдог. Танай хүүхдүүд хэр ярьдаг вэ?
-Манай 4 хүүхдийн 3 нь сонсголын бэрхшээлтэй. Нөхөр бид 2 хоёулаа зүгээр. Сонсголын ямар ч асуудалгүй. Би өөрөө ч, нөхөр ч дүлийрч байгаагүй. Бидний удамд лав 2, 3 үе дотор дүлий хүн байхгүй.
-Удамшлынх гэж үү?
-Удамшлынх гэдэг. Түүнээс дээших үе удамд л сонсголын асуудал байсан юм байлгүй. Би эхэндээ шалтгааныг нь олох гээд гүйдэг байсан. Сонсголгүй 2, 3 хүүхэдтэй болоод ирэхээр хувь тавилантайгаа эвлэрсэн дээ.
-Багадаа чих нь өвдөж байсан уу?
-Манай хүүхдүүдийн чихнээс булаг гоождоггүй. Багадаа чих нь өвдөж байгаагүй. Ямар нэг зовиур байдаггүй.
-Сонсголгүй хүний хувьд ертөнц бүхэлдээ аниргүй.
-Сонсголгүй хүний амьдрал тэр чигээрээ аниргүй шүү дээ. Хүүхдүүд анхнаасаа юм сонсохгүй өсчихсөн болохоор дуу чимээ гэж ч мэдэхгүй, тийм л байдаг гэж боддог байх. Бага байхдаа баяр баясгалантай, сайхан яваад байсан л даа. Том болохын хэрээр, яг амьдралд хөл тавихаар тэдэнд гутрах юм аягүй их гардаг л юм байна. Том болох тусмаа тэрийг мэдэрч байна л даа.
-Жаахан ч дуу чимээ сонсдоггүй юм уу?
-Манайх 3 охин, 1 хүүтэй. Хамгийн том охин 20 настай, таг дүлий.
Дунд охин хэвийн сонсголтой, эрүүл.
Бага охин 9 дүгээр ангийн сурагч. 1 чих таг дүлий, 1 чих нь сул сонсголтой. 60%-ийн бууралттай сонсдог. Нэг талдаа сонсголын аппарат зүүгээд, нөгөө талдаа 10 жилийн өмнө дунгийн суулгац тавиулсан. Арайхийж 30 сая төгрөг цуглуулан, хагалгаа хийлгэж, суулгац тавиулаад, 2 жил орчим аппарат зүүхэд, сонсгол, хэл яриа нь аягүй сайхан дээрдмээр янзтай байсан юм. Гэтэл манайх галд өртөөд, сонсголын аппарат нь шатчихсан. Түүнээс хойш дахиад аппарат авч чадалгүй, 10 жил болсон. 2 жилийн өмнө “Эм Жи Жи” эмнэлгийнхнээс гуйж, хуучин аппарат авч зүүлгэсэн. Сайн сонсдоггүй ч огт аппаратгүй байснаас арай дээр юм. Багаасаа байнга зүүгээгүй, дунд нь аппарат зүүлгүй удсан болохоор тэр байх.
4 дэх хүүхэд маань хүү, 3 дугаар анги. Хүүхдийн хүйс солигдоод, эрүүл төрөх юм болов уу гэж бодсон чинь байдаггүй. 2 чихь нь хоёулаа сул сонсголтой. 50-60%-ийн бууралттай. Аппаратгүй бол юм сонсдоггүй. Одоо 2 чихэндээ аппарат зүүж байгаа. Ийм 4 хүүхэдтэй, би.
-Сонсох чадвар нь бүгдэд нь өөр юм байна. Үүнийгээ дагаад өөр өөр асуудал үүсдэг үү?
-Сүүлийн 2 хүүхэд маань бага ч болов сонсголтой учраас арай гайгүй байгаа. Ийм бэрхшээлтэй хүн ажил дээр гарахаар асуудал аягүй их үүсдэг юм байна. Ийм хүүхэд биеэ дааж амьдарна гэдэг үнэхээр хэцүү.
–Хүүхдүүдээ 29 дүгээр сургуульд сургасан уу?
-Бүгдээрээ 29 дүгээр сургуульд сурсан. Манайх 29 дүгээр сургуулийг түшээд, эргэн тойронд нь 20-иод жил амьдарч байна даа.
-Сонсохгүй болохоор юм сурахад хэцүү л байх. Гэхдээ тусгай сургуулийн багш нар тусгай аргаар юм сургадаг байлгүй.
-Манай хүүхдүүд оюуны чадвар сайтай. Багш нар нь “Онц сурч байгаа” л гэдэг байсан. Дүнг нь харахад дандаа л 90, 100 байдаг. Тэр үед ажил хийдэг байсан болохоор том охиноо нэг хэсэг багш, сургуульд нь бүрэн найдаад орхисон. “Онц сурч байгаа юм чинь элсэлтийн ерөнхий шалгалтаа гайгүй өгөөд, дээд сургуулийн босго давчих байх” гэж бодсон чинь монгол хэлний шалгалтад уначихсан.
29-р сургуулиас 18 хүүхэд дээд сургуульд орсон гэдэг. Түүн дунд таг дүлий хүүхэд байхгүй юм шиг байна лээ.
-Том охиндоо мэргэжил эзэмшүүлж чадсан уу?
-Дохионы хэлний багш болчих байх гэж бодсон чинь монгол хэлний шалгалтад уначихсан. Тэгээд би гуйж байгаад, МСҮТ-д 2 жил сургаж, нарийн боовчин болгосон. Дадлага хийсэн газартаа одоо ажиллаж байгаа. Тэнд дандаа эрүүл хүмүүс ажилладаг болохоор манай охин ганцаардаад байгаа. Эрүүл хүмүүс хоорондоо ярилцаад, инээлдээд, хамт олон дундаа сайхан л байдаг. Гэхдээ тэд манай хүүхдийг юу ч гэж ойлгож байгаа юм билээ. Охин маань тэдний яриаг сонсохгүй болохоор хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс жирийн хүмүүсийн ярилцах, инээлдэхийг “Намайг муулж байна. Миний тухай ярьж байна” гэж ойлгодог. Сонсголгүй хүн нийгэмших талдаа хэцүү юм аа. “Ажлаасаа гармаар байна” л гээд байх юм. Хүмүүстэй сайн ойлголцохгүй, буруу ойлголт аваад байдаг юм байна лээ. “Ямар ч байсан ажил хийе, гэртээ суухгүй” л гэдэг юм.
-Уг нь бичиж, уншиж чадах уу?
-Найруулан бичих, ярих чадвар үнэхээр муу. Монгол хэлэндээ л муу. Тоонд их сайн. Цээжил гэсэн юмыг маш сайн цээжилдэг. Монгол хэлний чадвар нь үнэхээр шалаар л байна.
-Монгол хэлээр хүнтэй ярилцдаг, уншдаг болчихвол болох биш үү. Та яг ямар чадвар эзэмшээсэй гэж хүсээд байгаа юм бэ?
-Монгол хэлээр юм уншаад ойлгодог, ажлын зар уншдаг, ажилд орох анкет бөглөдөг, 3 үеийн намтраа биччихдэг болоосой гэж хүсээд байгаа.
-Том охин чинь сонсголын аппарат зүүчихвэл ярьдаг уу?
-Өөрийнхөө мэддэг цөөн үгээр ярина. Олон үг холбож, өгүүлбэрээр ярьж чадахгүй. Хүмүүсийн яриаг үг нэг бүрчлэн ойлгохгүй. Дохионы хэл, амны хайрцаг нийлж байж ойлголцоно. Нарийн ширийн юмыг ойлголцдоггүй. Бичсэн бичвэр байлаа гэхэд “Аан ингэж байгаа юм байна” гэж ойлгохгүй.
-Дуу авиаг хэвийн сонсголтой хүүхэд шиг нарийн ялгаж сонсдоггүй учраас ойлгож, ярьж чаддаггүй юм аа даа. Хэлд ороогүй хүүхэд шиг л насан туршдаа явах нь ээ дээ.
-Тийм ээ. Сонсдоггүй учраас монгол хэлээ ч сураагүй. Аппаратаар сонсголыг нь хэчнээн дэмжээд ч Ж, З, Ц, Ч, С, Ш гэх мэт хоорондоо төстэй авиаг ялгадаггүй. Түүнээсээ болоод үг сурч чаддаггүй. Үгээ зөв дууддаггүй.
-3 хүүхдэдээ гурвууланд нь дунгийн суулгац суулгасан уу?
-Үгүй. 3 нас хүрээгүй байхад нь суулгац суулгадаг юм байна лээ. Дунгийн суулгац Монголд суулгадаг болох үед манай том охины нас хэтэрчихсэн байсан. Бага охиныг 3 нас өнгөрөх гэж байхад нь мөнгөө арайхийж олоод, суулгуулсан. Тэр үед даатгалаар дунгийн суулгац суулгадаггүй байсан юм. Бага хүүгийн 2 чих хоёулаа сул сонсголтой учраас сонсголын гадна аппаратанд найдаад яваа. Хүүгийнхээ тархи толгойд хагалгаа хийлгэмээргүй байдаг. Эрэгтэй хүүхэд барилдана ноцолдоно, хөдөлгөөн ихтэй. Тэрнээс нь болоод айгаад байгаа. Гэхдээ хагалгаа хийлгэсэн л дээр юм шиг байна. Нас нь нэмэгдэх, хүүхэд томрох тусам сул сонсгол нь суларсаар таг дүлийрнэ байх даа гэж айдаг.
-Одоо бол Эрүүл мэндийн даатгалын сангаас дунгийн суулгац үнэгүй суулгаж байгаа юу?
-Тийм.
-Та ажлаасаа яагаад гарсан юм бэ. Хүүхдээсээ болж хотод шилжиж ирсэн үү?
-Бага хүүгээ төрүүлснээс хойш ажлаасаа гарч, хотод шилжиж ирсэн. Хүүхдүүдээ тусгай сургуульд оруулах гэж хөдөөнөөс орж ирсэн л дээ. Би бага эмч мэргэжилтэй. Төсвийн, эрүүл мэндийн байгууллагад 22 жил ажилласан. Одоо бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургууль, гэрийн хооронд зөөгөөд байж байна. Гараас нь байнга хөтөлж явахгүй бол машинд мөргүүлчих гээд байдаг юм.
Нөхөр цаг уурт ажилладаг. Нөхрийнхөө цалингаар л болгож байна. Байрны мөнгө, цахилгааны төлбөр гэсээр байтал аппаратных нь зайг ч авч чадах үгүйдээ л тулдаг.
Сонсголын аппаратанд 3 зай ордог. Зай нь 2 хоног л хэрэглээд дуусдаг. 1 зай хамгийн хямд нь 1500 төгрөг. Сонсголын хагалгаанд орсон, аппарат зүүдэг гэхээр халамжийн мөнгөнөөс хасчихдаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сэтгэлзүйн байдлаасаа болоод ч тэр юм уу, дархлаа султай байдаг юм билээ. Дунгийн суулгацтай хүүхдийн толгой байнга өвддөг. Хагалгаанд бүрэн унтуулгатай ордог учраас дархлаа нь сулардаг гэх юм. Эмч мэргэжлийн ач тус хүүхдүүдээ асрахад гарч байгаа юм байна.
-Тийм. Эмч тулдаа л хүүхдүүдийнхээ дархлааг дэмжээд, явдаг.
-Хүүхэд асарсны мөнгийг хүүхэд бүрийн тоогоор өгдөг үү? Эсвэл зөвхөн Танд өгдөг үү?
-Манайх одоо асаргааны мөнгө авдаггүй. Том охин насанд хүрээд, асаргааны мөнгө өгөхөө больсон. Таг дүлий хүүхдэд л асаргааны мөнгө өгдөг. Бусдад нь өгдөггүй юм.
-Сонсголын аппарат зүүхээр халамжаас хасчихдаг юм уу?
-Аппарат зүүхээр халамжийн мөнгө өгөхөө больчихдог. Халамж авах гээд, хүүхдэдээ сонсголынх нь аппаратыг зүүлгэхгүй, нийгмээс тусгаарлалтай биш.
-Сонсохгүй болохоор ярихгүй, ярихгүй болохоор нийгмээс улам тусгаарлагдаад байдаг юм байна лээ.
-Бага нь одоохондоо хашхичаад явж л байна. Томчууд нь улам л нийгмээс тусгаарлагдаад байгаа. Их нээлттэй хүүхэд биш л бол хүнтэй ярьдаггүй. Утсаар зураг, дүрс үзээд, хүнтэй ярьдаггүй юм байна.
-Хүүхдүүд чинь дохионы хэлээр бол сайн ярина биз дээ.
-Дохионы хувьд бас муухан. 3 дугаар ангийн сурагч нь багшийн заасныг сурч л байна. Харилцан ярилцаж чадахгүй ээ. 9 дүгээр ангийнх нь ангийнхнаасаа сурлагаар хоцорчихсон. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд 100 хувь эрүүл болохгүй учраас монгол хэлийг нь сайжруулмаар байна. “Тэр сандлыг аваад ир” гэсэн өгүүлбэрийг дохионы хэлээр “Сандал, авчрах” гэдэг 2 үг л хэлдэг. Гэтэл бид “Авчир, авчрах, авчирсан, авчирлаа, авчиржээ” гэх мэтээр нэг үгийг маш олон хувиргаж ярьдаг. Дохионы хэлэнд ийм хувиргалт байхгүй.
–Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичиг гэж тусдаа байх шаардлагатай юу. Одоо ямар сурах бичиг үзэж байгаа вэ?
-Үнэхээр өрөвдөлтэй ш дээ. 60 жил болж байгаа сургууль гэхэд 29-р сургууль сонсголын бэрхшээлтэй сурагчдад зориулсан сурах бичиггүй. Дохионы хэлний сурах бичиг бол бий. Зааж байгаа хичээлийн хөтөлбөрт таарсан сурах бичигтэй болмоор байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг үздэг байсан юм. Манай охиныг 8-р ангид байхад 7-р ангийн сурах бичиг үздэг байсан чинь одоо бүр хэрэглэхээ больсон байна. Үнэхээр ийм хүүхдүүдэд таарахгүй байгаа л даа. Тэр сурах бичгийг ойлгох түвшинд байхгүй байгаа л даа, хүүхдүүд нь.
29 дүгээр сургууль төгссөн, таг дүлий мундаг хүн байдаг гэж би сонсоогүй. Сул сонсголтой, ойрхон зайнаас сонсдог, бүрэн ойлгодог хүн бол байдаг. 60 жил болж байгаа сургуульд зориулалтын сурах бичиг, тэрийг судалсан эрдэмтэн ч алга.
-Аппаратаа тасралтгүй зүүгээд, хичээгээд байвал сайн сонсдог болдог юм уу?
-Тийм юм огт байхгүй. Сонсгол нь аажмаар буурч байдаг.
–Хагалгаа хийлгээд сонсгол сайжирдаг уу?
-Хагалгаа хийлгэсэн тохиолдолд буурахгүй байх аа.
-Хагалгаа хийлгэсэн ч аппарат зүүх ёстой юм уу. Хагалгааны дараа сонсдог болчихно гэж байхгүй юу?
-Аппарат байхгүй л бол таг дүлий ш дээ. Эмч нар бол “Хагалгааны дараа хэвийн сонсоно” гэдэг ч худлаа. 29 дүгээр сургуульд дунгийн суулгацтай хүүхэд олон байдаг. Манай хүүхдээс дээр ярьж байгаа хүүхэд тэдэн дунд алга аа. Бүгд адилхан.
-Сонсголын аппарат их олон янз, үнэ нь ч өөр өөр, бас маш үнэтэй байдаг юм байна лээ.
-Үнэтэй байх тусмаа чанартай байдаг биз. Бид үнэтэйг нь авч үнэхээр чадахгүй байна.
–Аянга, цахилгаантай бороо орж байхад сонсголын аппарат зүүж болохгүй гэх мэт хориглох заалт их олон байдаг юм байна лээ. Танай хүүхдүүд аппарат зүүхдээ хэр дуртай байдаг вэ?
-Яаж ийгээд зүүхгүй байх сонирхолтой. Хүйтэнд чихийг нь хайраад байдаг байхгүй юү. Тэнгэр дуугарсан, аянга цахилсан үед, халуурсан үед сонсголын аппарат зүүх хориотой. Өндөр хүчдэл доогуур ийм аппараттай явж болдоггүй. Сонсголын аппаратыг нийлэг эдлэлд ойр байлгадаггүй. Чийг авбал амархан эвдэрдэг.
-Уг нь харилцаад, яриад байвал үг сураад, ярих чадвар нь сайжраад байх уу?
-Тэгдэг. Ярьдаг хүмүүстэй хамт байвал яриа нь дээрдэх магадлалтай. Дандаа сонсголгүй хүмүүстэй хамт байгаа болохоор яриа нь сайжрахгүй байна.
–Том охин чинь ажилдаа, бага охин чинь хичээлдээ бие даагаад явж байгаа юм байна. Сонсголгүй, аппаратаар муухан сонсдог хүүхэд ганцаараа гадуур явахад хэр вэ?
-Араас ирж байгаа машины дууг сонсдоггүй болохоор дайруулчих гээд байдаг. 9 дүгээр ангийн охин маань нэг удаа “Машинд мөргүүлээд ойчсон” гэж ирсэн. Дэлгүүр хоршоо явах үнэхээр дургүй. Өөрийгөө сонсголгүй гэдгээ бусдад мэдэгдэхээс айдаг.
–Хүүхдээ жирийн сургуульд өгч үзсэн үү?
-Томыгоо сургуульд өгөөгүй, таг дүлий учраас. Бага охиноо жирийн сургуульд 4 жил явуулсан. Сургууль, багшийн ажлын үзүүлэлтэд 1-4 дүгээр ангийн сурагчийн сурлага нөлөөлдөггүй болохоор жирийн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авдаг. Сургууль, багшийн ажлын үр дүнд нөлөөлөх болмогц “5 дугаар ангиас тусгай сургууль руугаа яв” гэсэн дээ.
–Жирийн болон тусгай сургуульд сургахын ялгаа байна уу?
-Энгийн сургуульд явж байх үед охиныг маань хүүхдүүд шоолдог, найз нөхөдгүй байсан. Тусгай сургуульд өөртэй нь адилхан бэрхшээлтэй хүүхдүүд хамт сурч байгаа болохоор арай өөр. Зан зангаа авалцаад, инээд хөөртэй явдаг.
–Та ч гэсэн хүүхдүүдээ гэж явсаар нийгмээс тусгаарлагдаж байгаа байх. Найз нөхөд байна уу?
-Байхгүй шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулаад, сургууль орохоос өөр ажилгүй хүнд ямар найз байх билээ.