Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Луксон төрийн болон хувийн хэвшлийн харъяаллын асрамжийн төвүүдэд бүх төрлийн хүчирхийллийн хохирогч болсон иргэдээсээ засгийн газрын өмнөөс албан ёсоор уучлалт хүссэн байна.
Дээрх асрамжийн төвүүдэд 1950 оноос 2019 оны хооронд байрлаж байсан өвчтнүүд, төрөлхийн сэтгэц мэдрэлийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд 200 мянган иргэн (дийлэнх нь нас барсан) бэлгийн болон бие физиологийн хүчирхийлэлд өртөж, хөнгөлүүлж, мөн албадан хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсонтой холбоотойгоор ийнхүү тус улсын ерөнхий сайд албан ёсоор уучлалт хүсжээ.
Мөн дээрх хохирогчдын ихэнх нь нутгийн уугуул маоричууд байсан байна.
Кристофер Луксон мягмар гаригт парламентын танхимд хийсэн мэдэгдэлдээ “би өөрийнхөө тэргүүлж байгаа болон өмнөх бүх засгийн газруудын нэрийн өмнөөс та бүхнээс уучлалт гуйж байна, энэ бол маш муухай, сэтгэл эмтэрмээр буруу зүйл, ийм зүйл хэзээ ч дахин давтагдах ёсгүй” гэжээ.
Шинэ Зеланд улсын түүхэнд урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй энэхүү томоохон хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусгахад 6 жилийн хугацаа шаардагдсан бөгөөд төрийн болон хувийн асрамжийн төвүүдийн тэрхүү хүчирхийллийн хохирогч болсон 2300 гаруй хүнтэй ярилцлага хийж, мэдүүлэг авсан байна. Тус тайланд шашны байгууллагын харьяанд багтдаг асрамжийн төвүүдэд үйлдэгдсэн хүчирхийллийн тоо хэмжээ хамгийн өндөр байснаас гадна төрийн болон хувийн асрамжийн төвүүдийн удирдах албан тушаалтнууд тухайн төвд үйлдэгдэж буй хүчирхийллийн хэргүүдийг нуун дарагдуулж байсныг олж тогтоожээ.
Засгийн газраас мөн бүх хохирогчдод улсаас нөхөн төлбөр олгох асуудлыг ирэх оны эхээр хэлэлцэхээр болсныг мэдээлсэн байна.Үүнд 32 сая Шинэ Зеланд долларыг нэмж төсөвлөнө гэдгийг ерөнхий сайд Кристофер Луксон мягмар гаригийн мэдэгдэлдээ дурьдсанаас гадна ирэх жилээс 11 дүгээр сарын 12-ны өдрийг жил бүр Асрамжийн төвийн хүчирхийллийн хохирогчдыг дурсах өдөр болгон тэмдэглэхээр болсныг зарлажээ.
Түүнчлэн мягмар гаригийн парламентын хуралдаанд асрамжийн төвүүд дэх хүүхдийн хамгааллыг сайжруулах тухай шинэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна.