Дональд Трампын ээлжит томилгооны сонголтууд тодорлоо


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Д.Трампын томилгооны талаарх мэдээллүүд ар араасаа цуварсаар байна.

Дональд Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Флорида муж улсын сенатч Марко Рубиог нэр дэвшүүллээ. Тэрээр энэ талаарх мэдэгдэлдээ “Марко манай үндэстний хүчирхэг хамгаалагч, холбоотнуудын маань үнэнч анд нөхөр, бидний дайснуудын хувьд хэзээ ч ухарч няцахгүй, аймшиггүй дайчин байх болно” гэжээ.

Марко Рубио 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөж, Д.Трампыг элдвээр доромжилж байсан ч дараа нь түүний томоохон дэмжигч болон хувирсан бөгөөд 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Трампын сурталчилгаанд оролцож байсан юм.

Д.Трамп мөн Флорида мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Мэтт Гетцыг АНУ-ын Ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшүүлээд байгаа бөгөөд түүний энэхүү томилгоо нэлээд эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байна. Харин Д.Трамп Мэттийг улсынхаа хилийг хамгаалж, зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагуудын эсрэг тэмцэж, Америкийн доройтолд ороод байгаа Хуульзүйн департаментыг сэргээн, хөл дээр нь босгох хүн хэмээн онцолжээ.

Мөн Д.Трамп АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирлаар Тулси Габбардыг нэр дэвшүүлээд байна.

Д.Трамп өөрийн засаг захиргааны зарим албан тушаалыг шууд томилох эрхтэй бол ихэнх томилгоо нь Сенатын санал хураалтаар зөвшөөрөх шаардлагатай. Энэ удаагийн сонгуулиар Конгрессын дээд танхим болох Сенатад Д.Трампын Бүгд найрамдах нам олонх болж, хяналтаа тогтоохоор болоод байгаагаас гадна Төлөөлөгчдийн танхимд ч олонх болж, хяналтаа тогтоох нь тодорхой болсон талаар барууны хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *