Дональд Трамп, Жо Байден нар Цагаан ордонд уулзлаа


Дональд Трамп, Жо Байден нар лхагва гаригт Цагаан ордонд уулзаж, АНУ-ын төр засгийн эрх мэдлийг тайван, зөөлөн замаар шилжүүлэх үйл явцын талаар ярилцсан байна.

“Ерөнхийлөгч төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх тогтсон дэг, ёс журамд итгэдэг учраас түүнийг Цагаан ордонд урьсан” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер уулзалтын өмнөх өдөр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа тодотгожээ.

Өдгөө 81 настай АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны зуйван танхимд Д.Трампыг хүлээн авч уулзсан бөгөөд тэдний уулзалтын эхний 30 секунд л хэвлэл, олон нийтэд нээлттэй үргэлжилж, улмаар уулзалт хаалттай горимд шилжсэн байна.

Уулзалтын эхэнд Ж.Байден Д.Трампад баяр хүргэж, “бид төрийн эрх мэдлийг тайван шилжүүлэхийг хүсэж байгаа, үүний төлөө бид чадах бүхнээ хийж байна, та бид хоёр өнөөдөр энэ талаар ярилцах болно, ямар ч байсан эргээд тавтай морил” гэсэн бол хариуд нь Д.Трамп “маш их баярлалаа, улс төр бол ихэнх тохиолдолд тийм ч сайхан байдаг зүйл биш, гэхдээ өнөөдөр бол маш сайхан байна, би их талархаж байна, аль болох хамгийн тайван замаар төрийн эрх мэдлийг шилжүүлэх болно, би үүнд гүнээ талархаж байна, Жо” хэмээн хариулжээ.

Тэд өнгөрсөн 6 дугаар сард болсон сонгуулийн өмнөх мэтгэлцээнээс хойш дахин нүүр тулан уулзсан нь энэ бөгөөд тэдний хаалттай явагдсан уулзалт 2 цаг үргэлжилсэн байна. Хэвлэлүүд тэднийг дотоод бодлогын асуудлуудаас гадна Украин болон Израил-Хамасын дайны асуудлаар ярилцсан болов уу хэмээн таамаглан бичиж байна. Мөн уулзалтын өмнө тэднийг ямар асуудлаар ярилцах тухай сэтгүүлчдийн асуултанд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хариулахаас татгалзжээ.

Д.Трамп мөн Ж.Байдентай хийсэн уулзалтынхаа өмнө Конгресс дахь Бүгд найрамдах намын хууль тогтоогчид болон Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсонтой уулзсан байна.

“Трамп-Вэнсийн хуульчдын баг Байден-Харрисын хуульчидтай төрийн эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүтээмжтэйгээр үргэлжлүүлсээр байна” хэмээн тус багийн хэвлэлийн төлөөлөгч Брайн Вэнс мэдэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *