З.Батбаяр: Туул, Сэлбэ, Улиастай гол гээд бүх задгай уснаас гэдэсний савханцар илэрч байна


Туул голд хийсэн шинжилгээний хариу, 19 компанийн ундны зориулалтаар савласан цэвэр усны найрлагад хийсэн шинжилгээний тайланг өнөөдөр танилцуулсан. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

-Туул голын ус ямар байна вэ?

-2 жилийн өмнө “Улаанбаатар хот орчим болон говийн бүсэд усны нөөц хомс байна” гэж бид ярьж байсан. Тэгвэл усны нөөц хомсдох аюулыг Мянганы сорилтын сангийн ажлын үр дүнд 5-10 жилээр хойшлууллаа. Хэдийгээр усны хомсдолд орох хугацааг хойшлуулж чадсан ч чанарын асуудал бий болж байна. Төв цэвэрлэх байгууламжаас доош Туул гол дагуу нийт 380 мянга гаруй хагшаас байна. Үүнийг Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэлгүй гарч байгаа, хүний ялгадасны үлдэгдэл гэж энгийнээр ойлгож болно. Үүнийг цэвэрлэх шаардлагатай байгаа.

-Ийм голын ус маш бохир байж таарна. Шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?

-Бид Туул голын уснаас шинжилгээ авсан. Шинжилгээний хариу яг л бидний төсөөлж байсан шиг гарсан. Харамсалтай нь Туул голоос бүхэлд нь гэж болохоор, шинжилгээ авсан бараг бүх цэгээс гэдэсний савханцар нян илэрсэн. Энэ оны 8 дугаар сард бид олон нийтэд хандаж, мэдэгдэл хийсэн. Гэвч иргэд тоогоогүй. Усны газраас сэрэмжлүүлж байгаагаар Улаанбаатар хотын ямар ч задгай усанд орох аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, Туул, Сэлбэ, Улиастай гол гээд бүх задгай уснаас гэдэсний савханцар илэрч байна. Тэгэхээр Туул голын эрэг дээр шорлог зарж байгаа иргэдээс битгий шорлог ав. Тэд шорлогны төмрөө Туул голын усанд угааж байгаа.

-Гэдэсний савханцар юунаас ирдэг вэ?

-Гэдэсний савханцар нь хүний өтгөнөөс илэрдэг. Ийм нян 1-рт Улаанбаатар хотод байгаа 680 мянга гаруй нүхэн жорлон, 2-рт Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хог, 3-рт төвлөрсөн шугамд холбогдоогүй, өөрсдөө бохироо зөөн зайлуулж байгаа хотхонууд гэсэн 3 янзын эх үүсвэрээс илэрч байна. Жишээ нь: Зайсан, Нүхт орчмын хотхонууд.

“Голд машинаа угаагаад, гол бохирдуулж байна” гэж ярьдаг байсан бол одоо голын усан дотох нян машинд чинь наалдаад, хүүхдийн чинь ам, гэдсэнд орох аюултай болсон байна.

-Савлагаатай усанд хийсэн шинжилгээгээр ямар зөрчил илэрсэн вэ?

-Гадаргын ус ийм байгаа бол гүний ус ямар байгаа бол гэдэг асуулт үүнээс гарч ирсэн. Сүүлийн үед Зайсан орчмын уснаас гэдэсний савханцар илэрсэнтэй холбоотойгоор савласан усны борлуулалт нэмэгдсэн. Тиймээс савласан 19 усыг бид шинжилж үзлээ. Одоохондоо нэрийг нь зарламааргүй байна. Түүврийн аргаар хийсэн шинжилгээ учраас хамрагдаагүй газрууд байгаа.

Лабораторит шинжилгээ хийж үзэхэд, савласан уснуудад азаар ноцтой аюул байхгүй байна. Гэвч эрдэслэг усны стандарт болон байгалийн эрдэст усны стандарттай харьцуулахад, шинжилгээ хийсэн 19 усны 16 нь стандартын зөрүүтэй байна. Зөрүү маш их байгаа учраас эхний ээлжинд үйлдвэрлэгч компаниудад нь бичиг явуулсан. Түүнчлэн савлагаан дээрээ хүчингүй болсон стандартын дугаарыг тавьсан тохиолдол ч байна. Үйлдвэрлэгчид стандартад хэрхэн хандаж байгаа нь үүнээс харагдаж байна.

-Усны бохирдлыг арилгах боломж байгаа юу?

-Хотын гудамжаар 700 мянган  машин явж, түгжрэл үүсээд, бид үгээ хэлж байгаа. Гэтэл нийслэл хотод машинтай ижил тооны нүхэн жорлон байна. Та бүхэн тийм жорлонд суугаад үзээрэй. Тэр дундаа гуурсан хоолойн өвчтэй хүн нүхэн жорлонд орвол шууд ухаан алдаж унана. Үнэр нь аймаар муухай.

Хөрсний бохирдол арилбал усны бохирдол арилна. Иймээс хамгийн түрүүнд нүхэн жорлонгоо цөөлөх хэрэгтэй. Одоо шинээр барих гэж байгаа хотхон, хорооллуудыг усны асуудлаа шийдсэнийх нь дараа барилга барих зөвшөөрөл олгодог болох хэрэгтэй. Бид газар олголт, байшин барилга, нүхэн жорлондоо анхаарах цаг болжээ.

-Гадаргын ус ийм бохир байгаа нөхцөлд гүний ус цэвэр байх боломжтой юу. Гэр хороолол дундах гүний худгуудын ус ямар байгаа бол?

-Улаанбаатарт одоо 17 мянган худаг бий, Ус сувгийн удирдах газрын худгийг оруулахгүйгээр. Нэг худгийг тойроод, 40 нүхэн жорлон байгаа. Худаг гаргаад, усаар хангаж байна гэж бодож болохгүй. Гүний худагны ус гэдэсний савханцартай байх магадлал маш өндөр. Нүхэн жорлонгийн тоог 3-4 дахин цөөлөх хэрэгтэй. Усны асуудал хэн нэгний асуудал биш, бид бүгдийн асуудал шүү.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *