People сэтгүүлийн 2024 оны хамгийн секси, тачаангуй эрээр Холливудын жүжигчин Жон Красински тодорсон байна. Жон Красинскиг энэ долоо хоногийн дундуур Америкийн CBS телевизийн “The Late Show with Stephen Colbert” нэвтрүүлэгт оролцох үеэр энэхүү мэдээллийг анх цацжээ.
Жүжигчин Жон Красински телевизийн олон ангит “The Office” киноны дүрээрээр олонд танигдсан ба кинонд тоглохоос гадна хэд хэдэн киноны найруулагчаар ажилласан байдаг. Түүний хамгийн амжилттай бүтээлээр “A Quite Place” киног нэрлэдэг. Жон Красински дуу чимээнд мэдрэг харь гаригийнхнаас амиа хамгаалж байгаа хүмүүсийн тухай өгүүлдэг “A Quite Place” киноны зохиолыг хамтран бичилцэж, гол дүрд нь тоглож, мөн өөрөө найруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус франчайзын гурван кино бүтээгдээд байгаа билээ.
Жон Красинскигийн эхнэр Эмили Блант мөн жүжигчин бөгөөд тэд хамтдаа “A Quiet Place” киноны хоёр ангид тоглосноос гадна мөн энэ жил дэлгэцнээ гарсан “IF” хэмээх анимейшн бүтээлд ажиллаад байна.
Өдгөө 45 настай Жон Красински People сэтгүүлийн хамгийн тачаангуй хүсэмжит эрээр тодорсноо сонсоод бага зэрэг гайхширч, түүгээр тоглож байна л гэж бодсон хэмээн ярьсан байна. Мөн түүний эхнэр Эмили Блант маш их баярлаж, сэтгүүлийн нүүрний зургийг заавал хэвлэж, ханандаа өлгөнө хэмээн хэлжээ.
People сэтгүүлийн өнгөрсөн оны хамгийн тачаангуй эрэгтэйгээр жүжигчин Патрик Демпси-г нэрлэж байсан бол жүжигчин Майкл Б.Жордан, Пол Радд, Брэд Питт, Харрисон Форд, дуучин Жон Леженд зэрэг олон эрэгтэйчүүд уг алдрыг хүртэж байсан түүхтэй. People сэтгүүл 1985 оноос эхлэн жил бүр тухайн оны хамгийн тачаангуй, бүсгүйчүүдийн хүсэмжит эрийг тодруулсаар ирсэн бөгөөд хамгийн анхны секси залуугаар жүжигчин Мел Гибсон тодорч байсан юм.
Жон Красински-гийн зургаар нүүрээ чимсэн People сэтгүүлийн шинэ дугаар арваннэгдүгээр сарын 15-ны баасан гаригт худалдаанд гарах юм байна.