Volkswagen, Rivian компаниуд $5.8 тэрбумын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа


Германы автомашин үйлдвэрлэлийн Volkswagen групп Америкийн цахилгаан автомашины Rivian компанитай 5.8 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Одоогоос 15 жилийн өмнө байгуулагдаж байсан, Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн Rivian компани нь дотооддоо Tesla-гийн хамгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгддэг юм.

Байгаль хамгаалал, цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарын ирээдүй цахилгаан автомашин болоод байгаа энэ үед Германы Volkswagen групп ийнхүү цахилгаан автомашины салбарт хөрөнгө оруулж, Rivian компанитай хамтран ажиллахаар болж байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаныг албан ёсоор зарласны дараагаар Rivian компанийн хувьцаа бараг 9%-иар өсжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр компани технологио харилцан солилцож, тус тусын автомашинуудаа үйлдвэрлэн гаргахаас гадна хамтарсан загвар бүхий автомашиныг худалдаанд гаргах болно.

Төлөвлөгөөний дагуу хоёр компанийн автомашины технологи болон программ хөгжүүлэгчид эхний ээлжинд АНУ-ын Калифорни мужид хамтран ажиллахаар болсноос гадна Хойд Америк болон Европт хамтын ажиллагааны ахин гурван төвийг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. 

Rivian-ий технологийг ашигласан Volkswagen-ы анхны загвар 2027 онд гарах талаар мэдээлээд байгаа юм. Харин VW группээс хөрөнгө оруулалт авахаар болоод байгаа Rivian-ий R2 хэмээх SUV загварын автомашин ирэх жил боломжийн үнээр худалдаанд гарахаар болоод байна.

Audi, Lamborghini, Porsche зэрэг тансаг зэрэглэлийн автомашины брэндүүдийг эгнээндээ нэгтгэсэн Германы Volkswagen группын шатахуунаар ажилладаг автомашины борлуулалт хэт өндөр үнийн дүнгээс шалтгаалан буурч, сулраад байгаагийн зэрэгцээ Европын зах зээлд Хятадын хямд үнэтэй, цахилгаан автомашинууд орж ирсэн нь өрсөлдөөн үүсгэж, сөрөг нөлөө үүсгэж байгаа тул группын зүгээс энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулаад байна. Түүнчлэн Volkswagen групп удахгүй үйлдвэрлэлийн төсөв, зардлаа танах томоохон арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *