Леброн зодог тайлах хугацаагаа хэллээ


Леброн Жэймс Лхагва гарагийн орой түүхэнд үлдэх нэгэн амжилтыг үзүүлэв. Лос Анжелес Лэйкерс Мемфис Гриззлисийг 128:123-аар буулгаж авсан. Энэ тоглолтод Леброн трипл дабл хийж гурван тоглолт дараалан трипл дабл хийсэн хамгийн өндөр настай тоглогч болж дээд амжилт тогтоов.

    Тэрээр тоглолтын дараа хувцас солих өрөөнд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд би тийм ч удаан тоглохгүй. Хэдэн жил болохыг мэдэхгүй. Ихдээ нэг эсвэл хоёр жил байх” хэмээн зодог тайлах тухайгаа хэлсэн нь шуугиан тарьж байна.

Ирэх сард 40 нас хүрэх Жеймс лигийн шилдэг тоглогчдын нэг хэвээр байгаа. Тэрээр Гриззлисийн эсрэг 35 оноо, 14 оновчтой дамжуулалт, 12 самбар авч, 3 тоглолт дараалан трипл дабл тэр дундаа 30 оноотой трипл дабл хийж багтаа хожил авчирлаа.

Өнгөрсөн сард Жеймс болон түүний том хүү Бронни нар NBA-гийн тоглолтод хамтдаа оролцсон анхны аав хүү хоёр болж түүхэнд нэрээ мөнхөлсөн.

2022 онд Sports Illustrated-ийн Крис Баллард Леброноос дараагийн хэдэн жил тоглох болон бага хүүтэйгээ зэрэг тоглох боломжийн талаар асуухад “Бүх зүйл миний биеэс шалтгаална. Гэхдээ хамгийн чухал нь миний сэтгэл. Хэрэв миний оюун ухаан сэргэлэн, шинэлэг, урам зоригтой байж чадвал тэнгэр миний хувьд хязгаар биш юм. Би үүнээс цааш явж чадна” хэмээн хэлсэн билээ.

Хэдийгээр нас ахисан ч Жэймс энэ улиралд 11 тоглолтод оролцохдоо 24,3 оноо, 8,1 самбар, 9,4 оновчтой дамжуулалт дунджилж байна. Тэгвэл Лэйкерс энэ улиралд 7-4 гэсэн амжилт үзүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *