Засгийн газар 2025 онд 35.8 их наяд төгрөг үрэхээр УИХ-аас зөвшөөрөл авлаа. Энэ их мөнгөний ихэнхийг Засгийн газар үрнэ. Ерөнхийлөгчөөр хориг тавиулахаар зарим хүн хүсэх болов. Тэдний хүсэл биеллээ гэхэд, тэр хоригийг нь УИХ хүлээж авах уу? Баталж өгсөн субьект нь шүү дээ.
Монгол Улс 2025 онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал гадаадад гаргана. Ийм замаар гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх том тоо мөрөөдлөө. Энэ бол төлөвлөгөө. Төлөвлөгөө биелж болно, тасарч ч мэднэ. Хамгийн түрүүнд тасрах орлого нь уул уурхайнх байх магадлал дэндүү өндөр.
Манай улс 2012 онд төсвийн орлогыг 5.83 их наяд төгрөг байхаар баталсан боловч бодит орлого нь 4.88 их наяд төгрөгт л хүрсэн. 2016 онд 7.01 их наяд төгрөгийн орлого олохоор мөрөөдөөд, 5.85 их наяд төгрөг олсон. 2017 онд 1.7 их наядын, 2020 онд 4.4 их наядын, 2021 онд 2.9 их наядын алдагдалд орсон юм. Ийм зүйл дахин болохгүй гэж Ерөнхий сайд, Сангийн сайд ч баталж чадахгүй.
Урд хөршид үл хөдлөх хөрөнгө зарагдахаа байж, сүндэрлэх барилгын тоо цөөрчээ. Үүнийг дагаад, хайлуулах гангийн хэмжээ багасаж, хятадууд коксжих нүүрсээ нөөцөлж эхлэв. Эрэлт багасаж, нийлүүлэлт нэмэгдэхэд, үнэ хямдрах зарчмын дагуу нүүрсний үнэ хямдарлаа. Магадгүй манайхаас авах нүүрснийхээ хэмжээг багасгах, бүр авахаа больж мэднэ. Гэтэл манай Засгийн газар хөлөө хөнжлөөсөө илүү гаргаж жийгээд байх юм. Хөнжлөөс гарсан хөл хөхөө өвлийн хүйтэнд хөлдөх л байх даа. Тэгвэл яах вэ?
Мөнгөгүй бол юу ч хийх боломжгүй. Гэсэн ч манай Засгийн газар мега төслүүдээ хэрэгжүүлнэ гэж л зүтгэнэ л дээ. Заримыг нь хойшлуулъя, ТЭЗҮ-ийг нь дараа нь хийлгэе гэхгүй. Учир нь үүн дунд цавчаа нь бий. Манай засаг энэ удаад урьд хожид байгаагүйгээр сайн далайсан. Түүнийгээ олигтойхон буулгахын тулд бүхнийг хийнэ. Явж явж өнөө муусайн татвар төлөгчдийнхөө л үйлийг үзнэ. Хамгийн түрүүнд НӨАТ гэдэг мөнгөний машинаа түлхүүрдэнэ.
Энэ оны эхний 4 сарын байдлаар манай улс уул уурхайн салбараас 1.8 их наяд төгрөгийг АМНАТ, 1.7 их наяд төгрөгийг ААНОАТ хэлбэрээр төсөвт төвлөрүүлэв. Тэгвэл энэ хугацаанд 1.8 их наяд төгрөгийн НӨАТ олжээ. АМНАТ, НӨАТ-ын орлого тэнцүү байгаа биз. Нүүрс хямдарч, борлуулалт багасах эрсдэлтэй байгаа бол НӨАТ-ын ирээдүй өнгөлөг байна. Нондингийн эхний 4 сартай харьцуулбал НӨАТ-ын орлого 37.3 хувиар өссөн нь үүнийг нотолно.
Тоо харъя. Монгол Улс ирэх жил татвараар 31 их наяд 939 тэрбум 895 сая төгрөг олно. Татварын бус аргаар 1 их наяд 924 тэрбум 843 сая төгрөг цуглуулна. Татвар хэлбэрээр олох мөнгөний 7 их наяд 672 тэрбум 280 сая нь НӨАТ байх ажээ. Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзвэл татварын орлого энэ оны эхний 9 сард 20 их наяд төгрөгт хүрлээ. Энэ бол өмнөх оны мөн үеийнхээс 4.1 их наяд төгрөг буюу 26.1 хувиар нэмэгдсэн дүн юм. Монголын төр татвараа авч чадаж байгааг үүнээс харж болно. Сайн л хэрэг. Задлаад харвал, бүх төрлийн татварын орлого нэмэгджээ. Үүн дундаа НӨАТ-ын орлого 913.8 тэрбумаар өссөн байна. Энэ оны эхний 9 сард гэхэд татварын орлогын 21.6 хувийг НӨАТ бүрдүүллээ. Ер нь татвар төлөгчид сүүлийн хэдэн жил дараалан сайн байгаа. Тэр дундаа иргэд маш сайн байгаа. Эцсийн дүндээ иргэдээс л татваравдаг шүү дээ. НӨАТ, ХХОАТ, онцгой албан татвар, нийслэлийн татвар гээд бүх татварыг иргэд төлдөг.
НӨАТ-т төлсөн мөнгөний маань өчүүхэн хувийг манай улс буцааж өгдөг болоод 8 жил болж байна. Дэлгүүрээс баримтаа нэхэж авсны шагнал болгож, ийм урамшуулал өгдөг. Үүнээс хойш улсад цугларах НӨАТ-ын мөнгө байнга нэмэгдэж, хамгийн их өссөн татвар болоод байна.
Татварын системд иргэд 2018 онд 289.2 сая ширхэг и-баримт бүртгүүлсэн нь өмнөх жилийнх нь баримтын тооноос 1.7 дахин олон байлаа. Үүний үр дүнд НӨАТ-ын орлого 44.7 хувиар давж биелжээ. Тэгвэл дараа жил нь НӨАТ-аар улсын төсөвт 1.088 их наяд төгрөг оруулж, татвараар төсөвт төвлөрүүлсэн орлогын 24 хувийг НӨАТ эзэлдэг боллоо. Та бид Монгол Улсдаа 2021 онд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ цуглуулж өгчээ.
Татварын байгууллага 2022 онд 8.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээгээд, 9.3 их наяд төгрөг төвлөрүүлж, даалгавраа 1.1 их наяд төгрөгөөр давуулан биелүүлжээ. Энэ нь та бидний л ач юм л даа, уг нь. Иргэд НӨАТ-ын баримтаа авдаг, нэхдэг болохын хэрээр суутган төлөгчид биднээс суутгасан НӨАТ-аа цааш нь төлдөг, тайлангаа гаргадаг болж байна. Тэр хэрээр далд эдийн засаг ил болж, төр татвараа авч чаддаг болж байгаа юм.
Улаанбаатар хотын НӨАТ суулган төлөгч дэлгүүр 2800 төгрөгөөр надад талх зараад, и-баримт өгсөн тул 280 төгрөгийг нь татварын албанд тушаана. Улаангомын дэлгүүр 3500 төгрөгөөр надад талх худалдсан атлаа и-баримт өгөөгүй тул 350 төгрөгөө татварын албанд тушаалгүй, өөрөө авна. Хэрвээ би и-баримтаа нэхэж авбал дэлгүүр, татварын албаар дамжин, төр засагт очих мөнгөний хэмжээ нэмэгдэх юм. Ийм эх оронч сэтгэлгээ худалдан авагчдад байдаггүй. Тиймээс Засгийн газар ард түмэнд НӨАТ-ын урамшуулал гэсэн өгөөш шидсэн юм. Бүгд үмхсэн. 2021 онд манай улс татварын нийт орлогынхоо 17 хувийг НӨАТ-аар бүрдүүлжээ. Тэр үед бүтэн жилийн туршид цуглуулсан энэ мөнгийг 2024 оны эхний хоёрхон сард цуглуулчхаж. Худалдагчаас НӨАТ-ын алга дарам баримтаа та бид марталгүй нэхсэний ачаар ийм үр дүн гарч байна.
Энэ үр дүн эргээд иргэдэд өгөөжөө өгөх ёстой ч өчүүхэн ч ашиг наалдсангүй. Улаанбаатарынхны хамгийн их үзэн яддаг утаа, түгжрэл бахь байдгаараа. Үүнийг шийдэж чадаагүй атлаа эрх баригчид одоо та бидний бүсийг улам чангалж, НӨАТ-аа улам ахиухан авахаар чармайх нь тодорхой боллоо. Энэ чангаланд зах, худалдааны төвийн наймаачид хамгийн түрүүнд өртөнө. Одоо бол зах дээр ажлын хувцасны хэдэн худалдагч л НӨАТ-ын баримт өгдөг. Зарим аж ахуйн нэгж эндээс ажлын хувцас авдаг учраас тэр. Бусад нь и-баримт гээчийг сонсоо ч үгүй мэт аашилдаг. Дэлгүүрүүд ширхэг чихэр, ганц алим авсан хүнд и-баримт өгч байхад, гутал, цамц авсан хүнд тийм баримт хялайлгадаггүй зах, худалдааны төвийнхнийг чихийг ирэх жилээс зөөллөх нь. Засгийн газар татварын байцаагчдын чихийг, татварынхан захын наймаачдын чихийг мушгина даа. Чих мушгихад улсын төсвийн цоорхой нөхөгддөг ажээ.