Энэтхэгийн нийслэл Нью Дели хот болон ойр орчмын суурьшлууд хамрагддаг Дели бүсэд агаарын бохирдлын хэмжээ дээд цэгт хүрч, нарийн ширхэглэгт тоосонцрын өтгөн манан тогтсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс бүх цэцэрлэг, сургуулиудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар нийслэл хотын ахлах сайд Атиши Марлена Сингх өөрийнхөө X хуудсанд нийтэлсэн байна.
Дели бүс болон түүний ойр орчмын бусад жижиг хотуудад агаарын бохирдлын хэмжээ хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнд очоод байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн байдлаар агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-аас заасан аюулгүй буюу хэвийн хэмжээнээс 50 дахин их байсан нь тогтоогджээ.
Швейцарь улсад төвтэй Агаарын чанарын индексийг хянах IQAir байгууллагын зүгээс мэдээлснээр өнгөрсөн пүрэв гаригт Дели бүсийн 1 куб метр агаар дахь PM 2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 254 байсныг заасан бол ДЭМБ-аас уг хэмжээ 15-аас хэтрэхгүй байх нь аюулгүй буюу хэвийн гэж тогтоож өгсөн байдаг байна. Ийм өндөр хэмжээтэй тоосонцор бүхий агаарыг амьсгалснаар тэрхүү тоосонцор уушгиар дамжин хүний биеийн бусад эрхтэнд нэвтэрч, улмаар зүрх судасны болон амьсгалын замын төрөл бүрийн өвчин үүсгэдэг, тэр ч бүү хэл нярай болон бага насны хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэн, судлаачид тогтоогоод байгаа юм.
Дели бүсийн оршин суугчдад нүд загатнах, хүндрэлтэй амьсгалах зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүсэж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд бичиж байна. Дели бүс болон Энэтхэгийн хойд мужуудад жил бүрийн өвлийн эхээр хүйтэрч, салхины хурд багасдгаас үүдэн яг ийм агаарын бохирдлын асуудал үүсдгээс гадна мөн агаарын бохирдолд автомашин, мотоциклийн утаа, ургац хураалтын дараа тариан талбайг шатаах зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэн агаарын бохирдлын хэмжээ нэмэгддэг ажээ.
Энэ оны 7 сард шинжлэх ухааны The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд Дели бүсэд нэг өдөрт бүртгэгддэг нас баралтын 7.2 хувийг нарийн ширхэглэлт тоосонцортой холбоотой нас баралт эзэлдэг гэсэн судалгааны дүнг танилцуулсан байна.
33 сая гаруй хүн амтай Дели бүсийн эрх баригчдын зүгээс агаарын бохирдлын эсрэг тэмцэх зорилгоор ус шүршигч машин ажиллуулах, шаардлагагүй барилгын ажлыг түр зогсоох, иргэдийг нүүрс түлэхгүй байхыг уриалах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг ч дорвитой нөлөө үзүүлдэггүй ажээ. Тухайн бүсийн агаарын бохирдол, хотыг бүрхсэн өтгөн манан сансраас харагддаг бөгөөд NASA буюу АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг Энэтхэгийн хойд нутгаас эхлээд Пакистан хүртэл өтгөн манан бүхий агаарын бохирдлыг харуулсан хиймэл дагуулын зургуудыг саяхан нийтэлсэн байна.