Америкийн цахим худалдааны тэргүүлэгч Amazon компани тус салбарт сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирсэн, хямд бараа бүтээгдэхүүн борлуулагч Хятадын Temu, Shein зэрэг цахим худалдааны компаниудын эсрэг өрсөлдөх шинэ аппликейшнээ танилцуулаад байна.
Amazon компани өнгөрсөн лхагва гаригт дотоодын хэрэглэгчдэд зориулсан, зөвхөн ухаалаг гар утсанд зориулан бүтээсэн цахим худалдааны Haul хэмээх аппликейшнээ танилцуулжээ.
Тус компанийн зүгээс энэхүү аппликейшн дээрх бараа бүтээгдэхүүн “галзуу хямд үнэтэй” борлуулагдах бөгөөд хүргэлтийн хугацаа дээд тал нь хоёр долоо хоногоос хэтрэхгүй гэдгийг онцоллоо.
Тодруулбал Haul дээр зарагдах бараа бүтээгдэхүүний үнэ 20 ам.доллараас хэтрэхгүй, дийлэнх нь 10 ам.доллараас доош үнэтэй байх ажээ. Үүндээ жишээ татаж 3 ширхэгтэй сахлын татуурганы багц, тансаг мэт харагдах хүзүүний гинж, бугуйвч, ээмэгний сет зэргийг ердөө 3 ам.доллароор худалдаалагдана гэдгийг мэдээлжээ. Түүнчлэн 25 ам.доллароос дээш үнийн дүнтэй худалдан авалтанд хүргэлт үнэгүй байх болно гэжээ.
Дээр дурьдсан Хятадын Temu, Shein зэрэг цахим худалдааны платформуудыг хэт хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн борлуулж, тээвэрлэж байгаа явдлыг байгалд ээлгүй, хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй гэх зэргээр хурцаар шүүмжилдэг бөгөөд тэдний эсрэг өрсөлдөхөөр гарч ирсэн Америкийн шинэ Haul платформ ч мөн яг ийм шүүмжлэлийг дагуулж эхлээд байна.
Дэлхийн олон улс оронд хэт хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг бизнес загвар бүхий эдгээр цахим худалдааны платформуудыг зохицуулах хууль, дүрэм журмыг боловсруулж эхлээд байгаа юм.