Д.Трамп АНУ-ын Эрчим хүчний сайдаар Крис Врайтыг нэр дэвшүүллээ


Дональд Трамп газрын тос, байгалийн хий олборлогч Liberty Energy компанийг үүсгэн байгуулагч, тус компанийн ерөнхий захирал Крис Врайтыг АНУ-ын Эрчим хүчний департаментын нарийн бичгийн дарга буюу эрчим хүчний сайдад нэр дэвшүүлжээ.

Хэрвээ түүний энэхүү томилгоо Сенатаар дэмжигдвэл Крис Врайт шинэ төрийн тэргүүний хийнэ гэж амласан малтмал түлшний олборлолтыг нэмэгдүүлэх ажлыг гардан хийж гүйцэтгэх юм.

Д.Трамп мэдэгдэлдээ “Крис бол Америкийн эрчим хүчний хараат бус, биеэ даасан тусгаар байдлын төлөө ажилласан анхдагчдын нэг юм, Эрчим хүчний сайдын албанд томилогдсоноор Крис Америкийн хөгжил цэцэглэлт болон олон улсын энх тайвны шинэ эрин үеийн гол манлайлагч болох болно” хэмээн бичжээ.

Крис Врайт уур амьсгалын өөрчлөлтөд эргэлзэгчдийн нэг ба өмнө нь тэрээр “аюулгүй, тогтвортой, хүн бүрт хүртээмжтэй байдлаар л олборлож байвал эрчим хүчийг хаанаас яаж олборлох нь хамаагүй” хэмээн хэлж байсан нэгэн ажээ.

Дональд Трамп мөн Крис Врайтыг АНУ-ын Үндэсний эрчим хүчний зөвлөл хэмээх шинэ төрийн байгууллагын удирдах албан томилно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр энэхүү албаны тэргүүнээр Хойд Дакота мужийн амбан захирагч Даг Бургумыг томилохоор сонгосон гэдгээ мэдэгдсэн билээ.

Крис Врайтыг эрчим хүчний сайдаар сонгон нэр дэвшүүлж байгаа явдал нь дотоодын малтмал түлш олборлох салбарынхны хувьд томоохон ялалт болоод байгаа бол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дэлхийн дулаарлыг тогтоон барих олон улсын хамтын нийгэмлэгийн зорилго, зорилтын хувьд томоохон хүндрэл, саад болох нь ийнхүү харагдаж байна.

Д.Трампын шинэ засаг захиргаа сэргээгдэх эрчим хүч гэхээсээ илүүтэйгээр малтмал түлшний олборлолтыг нэмэгдүүлж, зөвхөн Хойд Америк төдийгүй Хойд туйл гэх зэрэг нээлттэй, чөлөөт бүсээс газрын тос олборлох амлалтыг сонгуулийн сурталчилгааны үеэрээ өгч байсан юм. Мөн тэрээр АНУ-ын төрийн тэргүүнээр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаандаа хүрээлэн буй орчныг хамгаалах олон хууль журмыг цуцлаж, АНУ-ыг Парисын гэрээнээс гаргаж байсан түүхтэй билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *