Д.Трамп ялалтаа тэмдэглэж, холимог тулааны UFC 309 арга хэмжээг үзжээ


АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп ням гаригт өөрийнхөө ялалтыг тэмдэглэж, түүний шинэ засаг захиргаанд өндөр дээд албан тушаал хашихаар сонгогдсон нэр дэвшигчдийн хамт Нью-Йорк хотын Мэдисон Скуэйр Гарден цогцолборт зохион байгуулагдсан холимог тулааны UFC холбооны 309 хэмээх тоотой арга хэмжээнд очиж, тухайн үдшийн тулаануудыг үзэж сонирхсон байна.

Тэрээр дагуулж ирсэн багийнхаа хамтаар тухайн цогцолборт чанга дуу хөгжмийн дор сүржин орж ирсэн бөгөөд үзэгчид ч мөн түүнийг дэмжин орилж, алга ташин угтан авчээ.

Дональд Трамптай хамт Засгийн газрын үр бүтээмжийн департаментын нарийн бичгийн даргад нэр дэвшигдсэн Элон Маск, Вивек Рамасвами, Эрүүл мэндийн департаментыг тэргүүлэхээр сонгогдсон бага Роберт Ф.Кеннеди, Үндэсний тагнуулын газрын даргад нэр дэвшигдсэн Тулси Габбард болон мөн Америкийн дуучин Кид Рок зэрэг хүмүүс түүний ялалтыг тэмдэглэж, холимог тулааны арга хэмжээг үзсэн байна.

Д.Трамп сонгуулийн үеэр өөрийг нь дэмжсэн UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтын хажууд суун тулаануудыг үзэж сонирхсон бөгөөд UFC 309 эвентийн оргил тулаанд хуучин аварга Стипе Миочичийг ялж, аваргын бүсээ хамгаалсан “Яс” хочит Жон Жонес ялалтаа тэмдэглэхдээ Дональд Трампын бүжгийн хөдөлгөөнийг дуурайн хийж, Трамптай очиж мэндлэн, өөрийнхөө аваргын бүсийг түүнд бэлэглэж, төрийн тэргүүнээр дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.

Дональд Трамп UFC холбоог олон жил дэмжиж ирсэн бөгөөд тэрээр тус холбооны олон арга хэмжээнд оролцож, ирж үзэж байсан түүхтэй билээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *