Орос Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд томоохон цохилт өглөө


Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гаригийн шөнө Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд пуужин болон дроны томоохон цохилт өгсөн талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ. Цар хэмжээнийхээ хувьд өнгөрсөн 9 сараас хойш Украины талд үзүүлсэн хамгийн том цохилт болсон гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлээд байна.  

Ойролцоогоор 120 пуужин, 90 “камиказе” дроноор цохилт үзүүлсэн тухай В.Зеленский телеграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Нийслэл Киев хот болон Донецк, Львов, Одесса зэрэг мужийн олон арван байршил цохилтод өртөж, наад зах нь 10 хүн амь үрэгджээ.

Украины хувийн хэвшлийн эрчим хүчний хамгийн том ДТЕК компанийн дулааны эрчим хүчний станцууд нь “ноцтой хохирол” амсч, цахилгааны тасалдал үүсжээ. Түүнчлэн төрийн өмчит эрчим хүчний Укрэнерго компанийн зүгээс даваа гаригаас эхлэн улсын хэмжээнд цахилгаан хязгаарлах арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига “Хотуудын оршин суугчдыг унтаж амарч байх үед дэд бүтцүүдэд цохилт өглөө” хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс гаргасан мэдэгдэлд “уг цохилтыг Украины зэвсгийн аж үйлдвэрлэлийн цогцолборуудыг тэтгэж байсан эрчим хүчний тодорхой тооны дэд бүтцүүдийг байгаа болгосон бөгөөд бүх байгаа оносон” хэмээн онцолжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Украины дайнд ямар нөлөө үзүүлэх нь олон улсын анхаарлын төвд ороод байгаа. Украины дайн эхэлснээс 2024 оны 6 сарыг дуустал АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргааны зүгээс 55.5 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг, техник хэрэгслийн тусламж үзүүлээд байгааг ХБНГУ-ын Килийн дэлхийн эдийн засгийн институтээс  тооцоолсон байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулснаар энэ дайныг Оросын талд шийдэх дарамт, шахалтыг үзүүлж магадгүй гэсэн айдас Киевт байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *