Netflix стрийминг үйлчилгээний компанийн зүгээс өнгөрсөн бямба гаригт зохион байгуулагдсан Майк Тайсон, Жейк Пол нарын боксын тулааны шууд дамжуулалтыг дэлхийн хэмжээнд 60 сая өрх хүлээн авч үзсэн хэмээн мэдээлжээ. Харин оргил тулаанд тулалдсан Жейк Пол уг арга хэмжээг дэлхийн хэмжээнд 120 сая хүн үзсэн хэмээн ярьсан байна.
Тус арга хэмжээ нь Netflix компанийн MVP (Most Valuable Promotions) компанитай хамтран зохион байгуулсан анхны боксын арга хэмжээ байсан бөгөөд Майк, Пол нарын оргил тулаанаас гадна 6 тулаан явагдсан юм.
АНУ-ын Техас мужийн AT&T Stadium цогцолборт болсон оргил тулаан 8 үе бүтэн үргэлжилж, 27 настай Жейк Пол 58 настай Майк Тайсоныг оноогоор ялж өндөрлөсөн юм. Майк Тайсон хамгийн сүүлд 2005 онд Кевин Макбрайдын эсрэг тулалдаж, ялагдсанаасаа хойш мэргэжлийн боксын рингэнд ийнхүү 19 жилийн дараа гарч тулалдлаа.
Бямба гаригийн арга хэмжээг Холливудын жүжигчин Шарлиз Терон, Ральф Маччио, дуучин Жо Жонас, телевизийн хөтлөгч, комедиан Хассан Минаж зэрэг олон алдартнууд очиж үзсэн байна.
Энэхүү тулааныг дэлхийн өнцөг булан бүрт Netflix-т бүртгэлтэй хүн бүр үнэгүй үзэх боломжтой байсан бөгөөд компанийн хувьд “дээд амжилтыг тогтоосон шууд дамжуулалт байлаа” хэмээн мэдэгдсэн бол зарим үзэгчид холбогдож чадаагүй, дундуураа тасарч унтарсан, дүрс нь гацалттай гэх зэрэг техникийн асуудлууд үүссэн талаар гомдоллосон байна. Netflix компанийн зүгээс хэрэглэгчдэд үүссэн техникийн асуудал дээр тайлбар хийхээс татгалзжээ.