Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан 100 гаруй ачааны машиныг дээрэмджээ


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Газын зурвас дахь энгийн иргэдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн хүнс, бараа ачсан 100 гаруй ачааны машины цувааг “харгис байдлаар хүч хэрэглэн дээрэмдсэн” талаар НҮБ-ын харьяа Палестины дүрвэгсдийн агентлагийн зүгээс даваа гаригт мэдэгджээ.

Хүнсний тусламж ачсан цувааны дийлэнх нь буюу нийт 97 ачааны машин алдагдаж, жолооч нарт нь буу тулгаж байгаад ачааг нь дээрэмдсэн талаар тус агентлагийн зүгээс X хуудсандаа мэдээлсэн байна. Энэхүү дээрмийн хэрэг Израилын хяналтанд байдаг Керем Шаломоос Газын зурвасын өмнөд хэсэгт дөнгөж нэвтэрсний дараа гарсан байна. Урьд өмнө явж байгаагүй танил бус замаар тусламжийн бараа ачсан цувааг нэвтрүүлэхийг Израилын эрх баригчдын зүгээс зааварчилсан байсан талаар Ройтерс агентлаг мэдээлээд байна. Хэргийн газрын гэрчүүд багтай этгээдүүд гар бөмбөг шидэж довтолсон хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.

Палестины дүрвэгсдийн агентлагийн ерөнхий комиссар Филиппе Лаззарини уг дээрмийн хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй ч “Газын зурвас дахь нийтийн дэг журмыг бүрмөсөн зөрчиж байгаа явдал нь тухайн бүсэд манай байгууллага ямар ч үйл ажиллагааг явуулах боломжгүй болж байгааг харууллаа” хэмээн хэлсэн байна.

Тус агентлагийн зүгээс яаралтай хөндлөнгийн арга хэмжээ авахгүй бол Газын зурваст зөвхөн хүмүүнлэгийн тусламжийн ачаар амь зогоож байгаа 2 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэж байгааг онцоллоо. Мөн дайны бүсэд байгаа энгийн номхон ард иргэдийн үндсэн хэрэгцээг хангаж, тэдэнд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй хүргэх олон улсын өмнө хүлээсэн хууль, эрхзүйн үүргээ хүлээхгүй байгаа явдалд Израилын эрх баригчдыг буруутгажээ.

Энэ талаар Израилын зэвсэгт хүчний зүгээс ямар нэгэн мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *