“Европын устөрөгчийн долоо хоног” арга хэмжээ Брюссель хотноо нээгдлээ


Европын Холбооноос зохион байгуулдаг “European Hydrogen Week” буюу “Европын устөрөгчийн долоо хоног” арга хэмжээ даваа гаригт нээгдээд байна.

Устөрөгчийн технологи болон эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг голчилсон бага хурал, бизнесийн форум, үзэсгэлэн яармаг хэлбэрээр явагдах энэхүү арга хэмжээ баасан гарагийг дуустал 5 өдрийн хугацаанд үргэлжилж, салбарын төлөөлөгчид ЕХ-ны зохицуулалт, дүрэм журам, дэлхийд өрсөлдөх чадвар зэрэг асуудлуудаар хэлэлцэн хуралдаж, мөн устөрөгчийн шатахууны технологи, түүгээр ажилладаг ачааны машин, автомашин, автобус зэрэг цоо шинэ техник, технологийн дэвшлийг үзэсгэлэн яармагийн танхимд олон нийтэд дэлгэн танилцуулж байна.

Бага хурлын хөтөлбөрт 25 үндсэн хэлэлцүүлэг багтаж, 200 орчим илтгэл тавигдах бол энэ удаагийн үзэсгэлэн яармагийн арга хэмжээг 8 мянга орчим хүн ирж, үзэж сонирхоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

ЕХ-ны харьяа “Clean Planet Directorate” судалгааны байгууллагын тэргүүн Розалинде ван дер Флис даваа гаригт нээгдсэн бага хурлын эхэнд хэлсэн үгэндээ “Устөрөгч нь Европын аж үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн өрсөлдөх чадварт маш чухал байр суурь эзэлсээр байгаа” гэдгийг онцолжээ.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мөн энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ 2024 онд ЕХ-ны устөрөгчийн технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 140 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгааг онцолсон байна.

ЕХ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 2030 болон 2050 оны зорилго, зорилтууддаа хүрч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд устөрөгчийн түлш, устөрөгчийн технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *