ОХУ нутаг дэвсгэрт нь Америкийн пуужингаар цохилт үзүүлбэл “бодит” хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв


АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден 300 км зайд цохилт үзүүлэх хүчин чадалтай Америкийн ATACMS пуужинг Оросын эсрэг дайнд хэрэглэх зөвшөөрлийг Украин улсад өгсний дараагаар ОХУ-ын зүгээс хариу мэдэгдэл хийлээ.  

ОХУ-ын ГХЯ-ны зүгээс хэрвээ нутаг дэвсгэрт нь Америкийн алсын зайн пуужингаар цохилт үзүүлбэл “нэн даруй бодит” хариу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ. Тус мэдэгдэлд “энэ төрлийн пуужингаар ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт үзүүлэх нь зөрчил мөргөлдөөнд АНУ болон тус улсын хиймэл дагуулууд шууд оролцож, ОХУ-ын эсрэг дайсагнасан үйлдэл гаргасныг илтгэх болно” гэжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэхүү асуудал дээр хараахан тайлбар хийгээгүй байгаа бол түүний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков АНУ-ыг “гал дээр тос нэмж байна” хэмээн даваа гаригт хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден буухаасаа хоёр сарын өмнө Украин улсад дээрх зөвшөөрлийг олгоод байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Ж.Байдентай энэхүү шийдвэрийнх нь талаар зөвлөлдсөн, уг шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Мөн ерөнхийлөгчийн энэхүү шийдвэрт Д.Трамп ямар нэгэн байдлаар хариу тайлбар хийгээгүй байна. Д.Трампын хувьд сонгуулийн сурталчилгааны үеэр Украины дайныг “24 цагийн дотор зогсооно” хэмээн мэдэгдэж байснаас гадна АНУ-ын гадаад улс орны дайнд оролцдог явдлыг төгсгөж, татвар төлөгчдийн мөнгийг Америкчуудын аж амьдралыг сайжруулахад зарцуулахаа амлаад байгаа. Украины ерөнхийлөгч В.Зеленский Дональд Трампыг 2025 ондоо багтан Украин, Оросын хооронд энхийн гэрээ байгуулахад шахалт үзүүлэх болов уу хэмээн харж, найдаж байгаагаа хэлжээ.

Сүүлийн өдрүүдэд Оросын тал Украины дэд бүтцүүдэд цохилт үзүүлж эхлээд байгаа бөгөөд цаг агаар хүйтэрсэн өвлийн улиралд дулаан болон цахилгаан эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлдэг энэхүү дайны тактикыг өнгөрсөн жил мөн Оросын тал ашиглаж байсан юм.

Харин ATACMS алсын зайн пуужинг Оросын эсрэг ашиглахыг зөвшөөрсөн Ж.Байдены дээрх шийдвэр нь ОХУ Украинд “цэргийн тусгай ажиллагаа” нэрийн дор халдан довтолсноос хойшхи 1000 дахь өдөртэй давхцаад байна. ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украинд халдан довтолж байсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *