“Хүүхдийн мөнгөөр өрөө дараад, дахиад зээл авна”


Сар бүрийн 18-20 бол хүүхдийн 100 мянган төгрөг бууж, зарим нэг айлд амьдрал цэцэглэх өдөр. “Хүүхдийн мөнгө нэмэгдэж, хүнсний талон өгөөсэй” гэж хүсэх амьдралтай хүн олон. Энэ дүр төрх нийслэлийн алслагдсан гэр хороолол дунд түгээмэл. Юу гэхээр өдөр хоногийг аргацаан амьдрах иргэд дэлгүүрийн хаалгыг татаж, ам л нээвэл “Зээл авъя. Зээл өгөөч” гэдэг аж. Хэрэв өгөхгүй бол уурлаж, дэлгүүрийн хаалгыг савж гардаг гэнэ.

Дэлгүүрийн худалдагч тэднийг өрөвдөж, зээлээр бараагаа өгсөөр, нэг хүнд гэхэд өнөөдөр хоёр хүртэлх сая төгрөгийн бараа зээлээр гаргачихсан сууж байна.  Татварын дарамтын хажуугаар “Хүмүүсээс өрөө яаж авах вэ” гээд толгойгоо гашилгадаг байна. Хамгийн муухай нь “Хэдэн хүүхдүүд минь хоосон хонох нь” гэж гуйсаар зээл авсан иргэд өрөө өгөхгүй, тойрч явдаг гэнэ. Мөнгөтэй болмогц өрөө төлөхөө мартан, нүүр буруулж, өөр дэлгүүрээс юм худалдаж авдаг. Бүр цаашлаад итгэлийг нь олж, зээл авсаар байгаад, их хэмжээний өртэй үлдээгээд, нүүгээд явчихсан айл ч байна. Зарим нь өрөө өгч чадахгүйдээ ч юм уу, өгөхийг хүсэхгүйдээ ч юм уу хүүхдүүдээрээ захиа өгч явуулдаг гэнэ. Захиаг нь уншихад, түмэн зовлон тоочиж, эцэст нь зээлээр бараа өгөхийг гуйсан байдаг ажээ. Өгөхгүй гэхээр өнөөх хүүхдийг нь хараад өрөвдөнө. Өөрсдөө өр тавьчхаад, бараагаа ч харуулдаггүй хүүхдээрээ бай хийдэг хүн цөөнгүй.

Энэ бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзний зовлон. Тус дэлгүүр бол энэ хорооны иргэдийн үйлчлүүлдэг, хүнсний хэрэгцээг нь хангадаг ганц дэлгүүр. Зээлээр бараагаа өгсөөр, нэмж бараа татах мөнгөгүй, эргэлтгүй болжээ. Иргэдэд бараа зээлэхдээ ямар нэгэн барьцаа авдаггүй гэнэ. 100 хувь итгэлцэл дээр зээлээ олгодог ч эргээд олдох нь 50 хувь. Тус дэлгүүрээс тогтмол зээл авдаг 20 орчим хүн байдаг ажээ. Тэд бол найдвартай зээлдэгч буюу банкаар бол “Хар жагсаалт”-д ороогүй зээлдэгч. Тэд хүүхдийн мөнгө буухаар өрөө “яг таг” төлчихдөг аж. Захын гэр хороололд бол хүүхдийн мөнгө олон айлын амь зуулгыг залгуулж байгаа юм.

Угтаа хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө хийж буй том хөрөнгө оруулалт бол хүүхдийн мөнгө. Гэвч энэ мөнгө зарим айлд хоногийн хоолны мөнгө болж хувирах аж. Дэлгүүрийн эзэн өрийн дэвтрээ гаргаж ирээд, нээхэд хамгийн багадаа 100 мянган төгрөг, цаашлаад 2 хүртэлх сая төгрөгийн өртэй хүн байлаа. Тэр хүн хоёр хүртэлх сая төгрөгөөр юу авав? гээд үзэхээр тодорхой хувийг нь бэлэн мөнгө хэлбэрээр зээлж, гурил, будаа, тос, хиам, бэлэн гоймон, гаазтай ундаа гэх мэт бараа авчээ.

Энэ дэлгүүрт ийм их хэмжээний өр тавьсан айл өөр нэг дэлгүүрт давхар өртэй. Өрийн сүлжээ үүссэн байх аж. Өрнөөс өрний хооронд амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь залуу гэр бүл гэдгийг дэлгүүрийн эзэн хэлж байна. Тэр “Залуучууд ажил хийхгүйгээр бүх зүйлийг бэлэнчлэх гээд байдаг болж” гэж халаглав. Нэг жишээ хэлье. Иргэн О өдөр бүр 5000 төгрөгөөр хэрчсэн гурил авдаг. Үүний оронд 45 мянган төгрөгөөр 25 килограмм гурил авбал нэг сар иднэ. Гэвч бэлэнчилж, хоногт 5000, 10 хоногт 50 мянган төгрөгийн гурилы өр тавьж байна. Хүүхдийн мөнгө яг ийм байдлаар өрхийн хэрэглээнд зарцуулагддаг байна.

Хүүхдийн мөнгөнийн 60 орчим хувь нь  өрхийн хүнсний хэрэгцээнд зарцуулагддаг байна

Дэлгүүрээс бараа худалдан авч буй хүмүүстэй уулзаж, хүүхдийн мөнгөө юунд зарцуулдгийг нь сонирхлоо.

Иргэн А “Хүүхдийн мөнгийг нэмээсэй. Манай хэрэглээнд хүрэлцэхгүй байна.  Өрхийн хэрэглээнд л таардаг. Энэ мөнгийг нэмээсэй гэж боддог. Хэдий ажил хийдэг ч өрнөөс өрний хооронд явж байна. Миний хувьд нэг хүүхэдтэй. Хааяа цалин амьдралд хүрэлцэхгүй бол дэлгүүрээс зээл авдаг. Хааяа хүүхдийн мөнгөний хадгаламжаа цуцлах тохиолдол бас гардаг юм. Дэлгүүрт тавьсан өр хуримтлагдаж, аргагүйн эрхэнд хүүхдийн мөнгөний хадгаламжаа цуцлан, өрөө дарж байсан” гэлээ.

Иргэн Б “Хүүхдийн мөнгийг нэмээсэй. Яагаад гэвэл би 5 хүүхэдтэй. Одоо авч байгаа мөнгө хоол хүнсэнд л таарч байна. Нэмчихвэл хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулж хадгална. Одоогоор хүүхдийн мөнгө буутал дэлгүүрээс зээл авах байдлаар амьдарч байна. Олон хүүхэдтэй учир ажил хийх боломжгүй. Нөхөр ажилтай ч бусад хэрэглээндээ цалинг нь зарцуулдаг. Яалт ч үгүй зээл тавихаас өөр аргагүй.  Өнөөдрийн байдлаар дэлгүүрт 350 мянган төгрөгийн өртэй байна. Хүүхдийн мөнгө орохыг л хүлээж байна” гэж ярив.

Иргэн В “Манайх 3 хүүхэдтэй, сард 300 мянган төгрөг авч байна. Тус мөнгөөр хүнсний хэрэглээгээ хангадаг. Мах болон бусад хүнсний үнэ өсөөд байгаа болохоор бидний идэж уух нь багассаар л байна. Хэрэв ийм үед хүүхдийн мөнгийг эргүүлээд 20 мянган төгрөг болговол махнаас гарах байх. 100 мянга байгаа тулдаа амьжиргаагаа залгуулж байна” гэж хэлсэн юм. 

Судалгаанаас үзэхэд, хүүхдийн мөнгө нэг айлын өрхийн орлогын 16-20 хувийг бүрдүүлдэг болох нь тогтоогджээ. Ковид-19 цар тахлын үед иргэдийн 64.6 хувь нь хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулжээ. Тэр ч байтугай хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг нийт хүмүүс тэтгэмжийн нэмэгдлийг зогсооход 60 орчим хувь нь хүнс худалдаж авахад “маш хүнд” гэж хариулжээ.

Хүүхдийн мөнгийг буцаан багасгавал өрхийн амьжиргаанд ямар өөрчлөлт гарахыг цар цахлын дараа судлахад, “Өрхийн амьжиргаагаа хэвээр хадгалахад нөлөөлөхгүй” гэж 22 хувь нь үзсэн бол 41 хувь нь “Хэцүү байна.

Гэхдээ ямар нэг байдлаар хүндрэлийг даван туулах боломжтой” гэжээ. Харин үлдсэн хувь нь “Маш хүндээр тусах болно” хэмээн хариулжээ.

Аймгийн төвд амьдардаг 2 хүн тутмын 1 нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг багасгавал хүнс болон бусад хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн худалдан авахад маш хүндрэлтэй болно” гэж хариулсан бол нийслэл болон сумын төв, хөдөөд амьдардаг 3 өрх тутмын 1 нь ийм хариулт өгчээ. Харин 1 хүүхэдтэй айлуудын  60 хувь нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эргэж 20.000 төгрөг болговол суурь хэрэгцээний зүйлээ худалдан авахад ямар нэг хүндрэл үүснэ” гэж үзэж байгаа бол 43 хувь нь “Хоол хүнсээ худалдан авахад хүндрэлтэй болно” гэжээ.

Хүүхдийн мөнгийг 0-18 нас хүртэл нь хадгалбал ирээдүйд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ гэж тооцоолсон. Хэрэв ингэж чадвал 18 настайдаа ийм хадгаламжтай болно. Тэр нь ирээдүйд хүүхдийн сургалтын төлбөр болох төдийгүй хөдөлмөрийн гараагаа эхлэхдээ анхны багаж, хэрэгслээ худалдаж авах боломжтой. Цар тахлын үед өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг нэмсэн. Тахлаа давчихлаа. Тэгсэн ч хүүхдийнхээ мөнгийг авч идсээр байна. Бидний амьжиргааны түвшин ийм муу байна бус уу?   

Хүүхдэд 20 мянган төгрөг өгдөг байхад нь хадгаламжид хийдэг хүн олон байжээ. 100 мянга болгож нэмсний дараа хадгалдаг айл цөөрч, хүүхдийн мөнгөөр хүнсээ авдаг айл олширчээ. Төгрөгийн ханш ингэтлээ унав уу, халамж хэт хавтгайрсны хор уршиг уу? Үнэндээ аль аль нь нөлөөлсөн биз. Халамж авдаг учраас ажил хийхгүй байхыг эрмэлздэг хэсэг бүлэг бий. Тэд халамжаар л амь зуудаг. Хөдөлмөрлөж, амьдралаа өөд татахыг хүсэхгүй, өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд өнөө маргаашаа аргацааж амьдрах айл нэмэгдсэн байж болох юм. Хүнсний дэлгүүрийн эзний ярианаас ийм зүйлийг би анзаарсан юм.

Хүүхдийн мөнгө хэзээ буух бол гэж хүлээдэг хүн байгаа нь харамсалтай. Хадгалах уу, зарцуулах уу гэдэг нь эцэг эх, асран хамгаалагчдын эрх. Гэхдээ хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй байж боломгүй. Өнөөдөр та хүүхдийн мөнгөөр өнөө маргаашийн хоолоо залгуулдаг бол ирээдүйд таны хүүхэд хүүхдийнхээ мөнгөөр амьдарч мэднэ. Ингэж болохгүй биз дээ?

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *