Энэ долоо хоногт дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдаж байна.
Бразилын Рио-де-Жанейро хотноо даваа гарагт нээгдсэн “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад 40 гаруй орны төлөөлөгчид оролцож, чуулга уулзалтын хүрээнд өлсгөлөн, ядууралтай тэмцэх, эрчим хүчний шилжилт, дэлхийн засаглал зэрэг сэдвээр ярилцана гэдгийг зохион байгуулагч Бразил улсын төрийн тэргүүн Луис Инасио Лула да Силва чуулганы өмнө мэдэгджээ.
Мөн тэрээр чуулганы үеэр өлсгөлөн, ядууралтай тэмцэх Олон улсын холбоог байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгджээ.
Энэ удаагийн чуулганыг зохион байгуулагч Бразил улсын зүгээс өлсгөлөн болон ядууралтай тэмцэх энэхүү өөрийн санал, санаачилгыг Бразил улсын “Их 20”-ийн бүлгийг даргалах хугацаандаа хэрэгжүүлсэн гол ажлуудын нэг бөгөөд үлдээж буй гол өв гэдгийг онцолсон ба уг санаачилга дэлхийн 81 оронд олон нийтийн дэмжлэгийг авсан байна. Санаачилгын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улс орнууд харилцан туршлага солилцож, холбогдох арга хэмжээнүүдийг уялдуулахаар төлөвлөжээ. Бразил улсын энэхүү санаачилгад Америк хоорондын хөгжлийн банк 25 тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгдлээ.
Энэ удаагийн “Их 20”-ийн чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоза зэрэг бүлгийн гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нар хүрэлцэн ирж оролцож байна. Харин ОХУ-ыг төлөөлж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцохоор очжээ.