Соёлжих гээд самарч байна даа? “Бүгдээрээ”


Соёлгүй хүн сохор, сумгүй буу шилээвэр гэж ардын зүйр үг бий. Та соёлтой хүн үү. Эсвэл?

Та олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ, гэр бүл ойр дотно хүмүүстэйгээ харилцахдаа, хэр хүлээцтэй, соёлч боловсон ханддаг вэ?

Бид хэр соёлтой вэ?

Бидний нийгэм стресстэй. Түүнийгээ дагаад, бид ч уур бухимдалтай байх шиг. Гэвч олон нийтийн газраар үйлчлүүлэх, хууль дүрэмд заасан шаардлагыг биелүүлэхэд хүүхэд, залуучууд гэлтгүй томчууд ч соёлгүй үйлдэл гаргасан хэвээр байна. Угаас нүүдлийн соёлтой ард түмэн. Хотын амьдрал, үйлчилгээний соёлд суралцах гээд ёстой л нэг самарч байх шиг. Хүмүүсийн харилцаа хандлага, үйлчилгээний соёл.

Өндөр боловсрол эзэмшиж, үнэтэй машин унаж, олон өрөө байранд амьдардаг хүмүүсийг хамгийн соёлч хүний жишээ болгох гэхээр доголдол нь дотроосоо илэрсээр.

Хамгийн энгийн жишээ гэхэд шөнийн цагаар ажилладаг CU, GS25 сүлжээ дэлгүүрт танхайрах, зодолдох, ажилтны биед халдах үйлдэл нэг биш удаа гарч байна. Уг үйлчилгээний газруудад 22-24 насны голдуу оюутнууд хичээлийнхээ чөлөө заваар ажилладаг. Гэвч манайхны арчаагүй бүдүүлэг зан, шаардлага биелүүлдэггүй муухай хандлага олон оюутны ажил хийх хүслийг унтрааж, ажлаасаа гарахад хүргэж байгааг албаны хүмүүс хэлж байлаа.

CU сүлжээ дэлгүүрийн захирал Г.Чинзориг:

“Монгол орон даяар нийт 13.000 зах, худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь GS25 сүлжээ дэлгүүр. Бид бүхэн худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ тодорхой хууль дүрэмд захирагддаг. Жишээ нь: 21 нас хүрээгүй хүнд архи, тамхи худалдахгүй. 18 нас хүрээгүй хүүхдэд бэлэн гоймон зарахгүй гэх мэт. Гэтэл үйлчлүүлж байгаа хүмүүс манай ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, янз бүрийн үг хэлэх, гутаан доромжлох, цаашлаад биед нь халдах хүртэл асуудал гаргаж байна. Үүнээс үүдэн, ажиллагсад сэтгэл санаагаар унах, ажил хийх хүсэлгүй болох, ажлаас гарах нөхцөл үүсэж байгаа юм.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 буюу танхайрах:

Олон нийтийн газар эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж, биеэ зөв авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тохиолдолд 100 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, цаашлаад албадан торгууль ноогдуулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ноогдуулна.

Тэгвэл үйлчилгээний ажилчдын сэтгэл санаа, бие махбодид учирсан хохирлыг хэрхэн барагдуулдаг болох вэ. Тэд цаашдаа ийм нийгэмд ажиллах, амьдрах боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ? гэсэн олон асуулт бидний дунд үлдэж байна.

“Шөнийн ээлжинд ажиллахад маш хүндрэлтэй. Голдуу согтуу хүмүүс үйлчлүүлдэг. Иргэний үнэмлэхийг нь шалгахаас эхлээд, байгууллагаас заасан шаардлагыг тавихад биелүүлдэг хүн бараг л байдаггүй. “Чи миний насыг асуудаг хэн бэ? гэж уурлахаас эхлээд, сүх, хутга барьж дайрах явдал ч гардаг” гэж сүлжээ дэлгүүрийн ажиллагсад хэллээ.

Хоёрхон үйлчилгээний газарт ийм асуудал үүсэж байна. Гэтэл үүний цаана хэдэн мянгаар тоологдох газар бий. Тэгэхээр үйлчилгээний газруудад яаж үйлчлүүлж байгаа нь тодорхой биз ээ. Танхайрсан, зодолдсон олон бичлэг цахим орчинд хөвөрч, хотын гудмаар алхахад сэжиг хүрмээр дүр зураг таарна. Дургүй хүргэсэн бүхний өөдөөс дураараа гаргадаг дунд хуруу хүртэл бидний соёлын илэрхийлэл. Бид ийм л соёлтой ард түмэн.

Иргэн соёлтой бол хот соёлтой

Түгжрэлдээ дарагдаж, утаандаа угаартсан хот гэж Улаанбаатарыг муулах хүн бишгүй. Гэвч бид шийдэгдэхгүй асуудлыг ярьж, уурлахын оронд шийдэж чадах зүйлээ хийх, хэрэгжүүлэх хэрэгтэй. Утааны асуудлыг шийдэж чадахгүй ч уур бухимдлаа барьж чадна. Түгжрэлийг бууруулж чадахгүй ч зөв боловсон үйлчлүүлэх соёлыг иргэн бүр сурч чадна. Гагцхүү хувь хүний ухамсар, хүн байх ухаан, бусдын эрхэнд халдахгүй байх мэдлэгээс шалтгаална. Иргэн соёлтой бол хот соёлтой.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *