Цусны цочмог хавдраар өвчилж эдгэсэн 54 настай иргэн “Цусны цочмог хавдраар өвчилсөнөө мэдээд, миний хувьд бүх зүйл хов хоосон мэт болчихсон. Энэ өвчнөөр өвчлөхөөс 2 сарын өмнө эрт илрүүлэгт ороход зүгээр байсан. Гэтэл хоёр сарын дараа цусны цочмог хавдартай болчихсон байлаа. Тэгэхээр хэн, хэзээ хавдар тусах нь цаг хугацааны асуудал. 12 настай охиноо харах бүрд түүнийхээ төлөө амьдрах учиртай гэх бодол төрж, сэтгэл санаагаа хурцалж, эдгэнэ гэх итгэл найдвар, урам зориг өөртөө өгсөөр хавдраа ялан дийлсэн. Хүн сайн сайхныг бодвол болдог юм байна лээ.
Гэхдээ дийлээгүй. Гэнэт нэг өдөр толгой нь эргээд, дотор нь муухайраад, унасан. Эмч нар түүний Сэхээний тасаг руу буулгасан. Удалгүй бурхан болсон. Сэтгэл санаагаар их унасан байх тэр залуу. Ер нь тэгээд энэ өвчнөөр өдөр бүр хүн өнгөрөхийг харах хэцүү.
Эмч, сувилагч нар маань намайг “Чи эдгэнэ. Эмчилгээ сайн байгаа. Сэтгэлээр унаж болохгүй” гэж зөвлөдөг байсан. Ингээд эмч нарынхаа ачаар эмчилгээндээ тууштай явсны үр дүнд гайхамшгийг бүтээж чадсан. Хавдраар өвчлөөд эдгэснийхээ дараа БНХАУ-д очиж, бүрэн эдгэсэн эсэхээ нягтлах зорилгоор шинжилгээ өгөхөд, эдгэсэн байсан. Монголд цусны хавдрыг бол бүрэн эмчилж болдог. Эмч нараараа үнэхээр бахархсан” гэж ярилаа.
Түүнд их ядрах, сульдах, хоолой өвдөх гэх мэт зовуурь илэрсэн даруйд цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч, хавдартайгаа мэджээ. Цусны цочмог хавдрыг ялан дийлсэн хүний хувьд тэрээр эх орондоо эмчлүүлэх, эмч нарынхаа зөвлөгөөг сонсох нь чухал гэж онцолсон юм.
П.Балжинням: 44 хүн цусны цочмог хавдраар оношлогдсноос 60 хувь нь эмчлэгдсэн байна
Тэгвэл цусны цочмог хавдар болон эмчилгээний талаар УНТЭ-ийн цусны эмч П.Балжинням “Ар гэрийн дэмжлэг, тухайн өвчтөний сэтгэл зүйн байдал эдгэхэд нь чухал. Цусны архаг болон цочмог хавдар гэж бий.
Цусны цочмог хавдартай гэж жилд 50-60 хүн шинээр оношлогддог. Зарим тохиолдолд буюу эхний эмчилгээгээр үр дүн гараагүй, эсвэл өвчин сэдэрсэн үед гадаад руу эмчилгээнд явуулдаг. Гэхдээ ийм хүн цөөн. Цусны хавдартай хүмүүсийн 80-90 хувь Монголд эмчлүүлдэг. Хими болон бай эмчилгээгээр эдгээж байгаа юм. Энэ жил 44 хүн шинээр оношлогдоод байна. Одоогоор ийм өвчтэй хүмүүсийн 50-60 хувь нь эмчлэгдсэн. Үлдсэн нь эмчлүүлээд явж байна. Эдгэхийн тулд маш их цаг хугацаа орно. Тууштай байдал маш чухал. Цусны цочмог хавдарт хими, физикийн хүчин зүйл нөлөөлдөг гэж олон улсад үздэг. Энэ өвчнөөр идэр залуу буюу ид хөдөлмөрийн насны хүмүүс түлхүү өвчилж байна. Магадгүй бидний идэж ууй байгаа хүнстэй л холбоотой байх. Иймд хүнсний аюулгүй байдал дээр магадгүй анхаарах хэрэгтэй байх. Манай улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан учраас хавдар нэмэгдээд байж болзошгүй. Үүсэхэд нөлөөлж буй олон хүчин зүйл байна агаарын бохирдлоос ч үүдэлтэй байж болно. Хэрэв цусны цочмог өндөр настай хүн энэ өвчнөөр өвчилбөл илүү их эрсдэлтэй байдаг” гэж тайлбарлав.